Ж.БАТЗАНДАН: УИХ-ЫН ЦӨӨНГҮЙ ГИШҮҮН АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН АСУУДАЛД НЭР ХОЛБОГДСОН
11 сарын 1, 2018

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийсэн мэдэгдэл, УИХ-ын гишүүдтэй холбоотой ёс зүйн асуудлууд болон Ардчилсан хувьсгалын нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэмт хэргийн захиалагчийг хөөн хэлэлцэх хугацаа дууссантай холбогдуулж, өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрбээр, Өнөөдөр АН-ын бүлэг УИХ-ын нэгдсэн хуралдаан болон байнгын хороодын хуралдаанд түр хугацаагаар оролцох боломжгүй гэсэн байр сууриа илэрхийлж, хурлыг орхин гарсан.

Нэгдүгээрт, олон нийт маш их бухимдалтай байна. УИХ-ын цөөнгүй гишүүн авлига, албан тушаалын асуудалд нэр холбогдчихоод байхад хууль хяналтын байгууллагууд ажлаа хийх ёстой. Мөн УИХ-ын дотоод хяналтын байгууллага болох Ёс зүйн хороо хуралдаж дүгнэлтээ гаргахгүй байна.

Хоёрдугаарт, Улсын Их Хурал Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан шаардлагыг хэлэлцэх ёстой.

Гуравдугаарт, УИХ улсын төсвийг их хэмжээний алдагдалтай баталсанд Ерөнхийлөгч шүүмжлэлтэй хандаж байгаа. Иймд УИХ өөрөө санаачилж, төсвийн хуулиар нээлттэй сонсгол хийх ёстой гэдэг шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй болсон гэж үзвэл УИХ-ын даргад зөвшилцөх санал болгож, УИХ өөрөө тарах шийдвэр гаргаж болно гэсэн хуулийн заалт бий. Ийнхүү тарах шийдвэр гаргасан тохиолдолд шинээр сонгогдсон гишүүдийг тангараг өргөтөл УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Мөн УИХ-ын нийт гишүүний гуравны хоёр нь тарах ёстой гэж үзсэн тохиолдолд, УИХ нь Ерөнхий сайдаа 45 хоногийн дотор томилж чадаагүй бол их хурал тарах заалттай.

Бид өнөөдөр бие биеийнхээ санаа бодлыг сонссон ч сонсоогүй мэт зүгээр өнгөрөөдөг байж болохгүй. Төрийн институтууд тавьж буй шаардлагад харилцан хүндэтгэлтэй хандаж, асуудлыг шийдвэрлэхийн төлөө бодитой ханддаг байх ёстой.

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг шалгаж, захиалагчийг олон түмэнд зарлана гэж гарч ирсэн эрх баригч намын албан тушаалтнууд өнөөдөр С.Зоригийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэргийг хааж байна гэж тархи угааж байна. Үүнийг миний бие УИХ-ын гишүүний хувьд ч, АН-ын бүлгийн дэд даргын хувьд ч хүлээн зөвшөөрөхгүй.

Ер нь соёлын өвийг хулгайлсан, устгасан гэмт хэргүүд болон авлига, төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой олон гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх нэрийдлээр дуусгавар болж байна. Тэгвэл хөөн хэлэлцэх хугацааг хуулиар сунгах боломжтой гэлээ.