Ким Жон Ун Хятад улсад айлчилж байна
1 сарын 8, 2019

Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жон Ун БНХАУ-ын дарга Си Зиньпинийн урилгаар тус улсад айлчилж байна. Гурав хоногийн хугацаатай уг айлчлалын хүрээнд тэрбээр НҮБ-аас Хойд Солонгост тавьсан эдийн засгийн хоригийг цуцлуулах асуудлаар БНХАУ-аас дэмжлэг хүсэх зорилготой гэж эх сурвалжууд мэдээлж буй.

Өчигдрийн мэдээгээр /2019.01.07/ Ким Жон Ун гэр бүлийн хүн Ри Сул Жуг болон Хойд Солонгосын албаны төлөөлөгчдийн хамт галт тэргэнд суун, замдаа гарсан байна. Уг галт тэргэнд Ким Жон Уныг байгаа эсэх дээр мэргэжилтнүүд таамаг дэвшүүлж байсан ч өнөө өглөө 10 цагийн үед БНХАУ-д зогссон галт тэргэнд тэрээр эхнэрийн хамт байсан гэдэг нь батлагдлаа. Тэрээр энэ удаа Хятад улсад айлчилснаар төрийн эрх аваад дөрөв дэхь удаагаа хилийн дээс алхаж, гурван удаа БНХАУ-ын даргатай уулзаж буй юм.