Г.Бадамхатан: Нийслэлийн зүүн бүсэд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулна
3 сарын 5, 2020

“Таван Толгой Түлш” компанийн ахлах зөвлөх Монгол Улсын шилдэг зохион бүтээгч, доктор, профессор Г.Бадамхатантай ярилцлаа.


-Таван толгой түлш” хувьцаат компани байгуулагдаад нэг жил есөн сар болсон байна. Өнгөрсөн хугацаанд компани хэрхэн ажиллаж ирсэн талаар яриагаа эхлэх үү?

-Монгол Улсын Засгийн газрын 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн арваннаймдугаар тэмдэглэлд “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай хуралдааны шийдвэрийг үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны тавдугаар сарын 10-ны өдрийн XXIII тогтоолын дагуу сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий “Таван Толгой Түлш” ХХК анх байгуулагдсан. Энэ цаг үе саяхан мэт боловч жил есөн сар өнгөрсөн байна.

Өнгөрсөн хугацаанд манай компани маш их ажлыг хийж гүйцэтгэжээ. Тухайлбал, компанийн бүтэц бүрэлдэхүүн удирдлага, зохион байгуулалтыг найман алба, хэлтэстэй бүрдүүлж инженер техникийн ажилтан, мэргэжилтэн, ажилчдыг бүрдүүлж анх 60 гаруй хүнтэй байсан бол одоо 1600 гаруй ажилтантай болжээ. Мөн 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал эзэмшсэн 11 технологийн шугам бүхий дөрвөн үйлдвэрийг ашиглалтад оруулсан байна. Улаанбаатар хотын зургаан дүүргийн гэр хорооллын 220 мянган айл өрх, зарим тооны халаалтын уурын зуухыг “сайжруулсан шахмал түлшээр тасралтгүй ханган нийлүүлж ирлээ. Гэхдээ энэ бүхнийг хийж гүйцэтгэхэд төр засаг, хотын удирдлага тал бүрийн туслалцаа үзүүлсэн. Манай компанийн удирдлага хамт олны хичээл зүтгэл цаг наргүй ажилласан үйл ажиллагааны үр дүн байлаа. Манай удирдлага, мэргэжилтэн ажилтнууд хагас, бүтэнсайн баяр ёслол, бүх нийтийн амралтаар ч шаардлагатай үед 12-15 цаг ажиллах үе их байсан. Компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар энэ бүхнийг зохион байгуулан өөрөө үлгэрлэн маш сайн менежмэнттэй ажиллаж байна. Тэрбээр энэ хугацаанд гадагш, дотогш хаашаа ч яваагүй. Үйлдвэр дээрээ 12-15 цаг ажиллаж бүх төлөвлөгөөт ажлыг өөрөө хянаж байдаг.

- Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, борлуулалт, түгээлт, хэрэглэгчийн ханамж алдаа оноо юу байна вэ?

-Чухамдаа манай компанийн зорилго, үйл ажиллагаа үүнд чиглэгдэж байгаа. Арваннэгэн шугам бүхий дөрвөн үйлдвэр угсарч, бүрэн хүчин чадлаар нь хоногт гурван ээлжээр 24 цаг тасралтгүй ажиллуулж байна. Үүнд нэгдүгээр үйлдвэр тус бүр арвантаван тонн цагийн хүчин чадалтай гурван шугамтай ба нийт цагт 45 тонн, өдөрт (хорин цаг) 900 тонн, сард 27000 тонн шахмал түлш үйлдвэрлэнэ.

Хоёрдугаар үйлдвэр тус бүр 15 тонн цаг хүчин чадалтай дөрвөн шугамтай ба нийт цагт 60 тонн, өдөрт (хорин цаг) 1200 тонн, сард 36000 тонн шахмал түлш үйлдвэрлэнэ.

Гуравдугаар үйлдвэр 30, 15, 15 тонн цаг гурван шугамтай. Нийт цагт 60 тонн цаг, өдөрт 1200 тонн цаг сард 36000 тонн цаг шахмал түлш үйлдвэрлэнэ.

Дөрөвдүгээр үйлдвэр тус бүр таван тонн цаг хоёр шугамтай, өдөрт 200 тонн сард 6000 тонн шахмал түлш үйлдвэрлэдэг.

Ганцхан жилийн дотор ийм их ажлыг цаг хугацаатай уралдан байж хийсэн учраас бүх зүйлийг стандарт шаардлага хангаж хийж чадаагүй алдаа оноо байгааг үгүйсгэхгүй. Жишээ нь, ажлын байрны тоосжилт их, хатаалтын шугам хүнд зэрэг асуудлууд бий. Гэхдээ бид энэ бүхнийг сайжруулах боломжтой юм.

-Түгээлт борлуулалт зарим үед тасардаг тухай иргэд борлуулагч нар ярьж байсан. Борлуулалтаа хэрхэн хийж байгаа вэ?

-Сайжруулсан шахмал түлшний борлуулалтыг Баянгол дүүрэгт 22, Баянзүрх дүүрэгт 102, Сонгинохайрхан дүүрэгт 138, Сүхбаатар дүүрэгт 48, Хан-Уул дүүрэгт 38, Чингэлтэй дүүрэгт 51 нийт зургаан дүүрэгт 399 борлуулалтын цэгээр үйлчилдэг. Түлшний тээвэрлэлт болон түгээлтийг найм, арав, арванхоёр, хоринтаван тонн даацтай ачаа тээврийн автомашинаар өдөрт 250-400 рейс хийгдэж 25, 100, 1000 кг-ийн савалгаатай болон задгай ачилттай сайжруулсан шахмал түлшийг 2500-3200 тонныг бөөний агуулах болон хангамжийн бааз борлуулалтын цэгүүдэд 24 цагаар тээвэрлэлтийг хийж байна. Өдрийн дундаж тээврийн эргэлтийн тоо 380 рейс. Өдрийн дундаж нийт ачилт 3200 тонн. Сайжруулсан шахмал түлшийг зургаан дүүрэгт жигд хүртээмжтэй хяналттай түгээх зорилгоор сайн түлшний картыг дүүргүүдийн хэрэглэгчдэд тарааж хэрэглүүлж байна. 2019 оны арванхоёрдугаар сарын 25-ны байдлаар сайжруулсан түлшний картын тараалт 95 хувьтай тараагджээ. 399 борлуулалтын цэгээс гадна өндөршилтэй цэгүүдэд 28 явуулын борлуулалтын цэгийг давхар ажиллуулж байгаа. Өндөр газруудад буюу уулын оройгоор байдаг айлуудад хүргэж өгч үйлчилж байна. Манай гэр хорооллын иргэд анх удаагаа түүхий нүүрсийг халж сайжруулсан шахмал түлшийг хэрэглээд есдүгээр сарын 15-наас одоог хүртэл тасралтгүй таван сар хэрэглэж ирлээ. Энэ хугацаанд маш харамсалтай нь хэрэглээний үед угаарын хий гарч арав гаруй эрдэнэт хүний амь эрсдэж, олон хүн угаарын хийнд ямар нэгэн байдлаар хордож эмчлүүлэх зэрэг аймшигтай хэрэг удаа дараа гарсан нь маш эмгэнэлтэй. Хаа хаанаа гүн цочирдсон хэрэг гарсныг бид мэднэ. Үүнд гүн эмгэнэж, харамсаж байгаагаа дахин илэрхийлье. Үүнээс үүдэн сайжруулсан шахмал түлшний нэр хүнд ч тодорхой хэмжээнд унасан байх. Үүний шалтгааныг бид бүхэн сайтар судалж, учир юунд байгааг тогтооход ихээхэн чармайн ажиллаж байна. Онолын хувьд авч үзэхэд Таван Толгой мидлинг нүүрс нь байгалаасаа дэгдэмхий бодисын агуулга налайх, багануурын нүүрстэй харьцуулахад хоёр дахин бага хорин хувь байдаг учраас анх ноцооход удаж асдаг онцлогтой. Ийм түлшийг ноцооход өндөр температур шаардлагдах бөгөөд агаарын солилцоо хоёр метр секундээс доошгүй байх ба нэмэлт агааржуулалт ч шаардагдах тал бий. Сэнс хэрэглэх гэх мэт.

-Сайжруулсан түлшийг түлэх арга зөвлөмжийг телевиз, олон нийтийн хэрэгслээр байнга өгч байгаа. Иргэд юун дээр алдаад энэ бүх эрсдэл үүсээд байна вэ?

-Практик талаасаа авч үзэхэд хэрэглэгчийн зуух яндан стандарт шаардлага хангасан бүрэн бүтэн, хагархай цоорхойгүй, яндан хөөлсөн, зуухны үнс авсан, зуухны галын хотолд шахмал түлшийг дүүргэхгүй дундуур хийх зуухны сойлтуурыг хаахгүй байх зэрэг олон шаардлагыг хангаж ажиллах хэрэгтэй. Ялангуяа хувийн байшинтай айлын ханан пийшин дээр дээрх дутагдлууд илүүтэй гарч байна. Эдгээр асуудлуудыг газар дээр нь засч сайжруулах, зааж сургах зорилгоор Таван Толгой түлш хувьцаат компанийн үйлчилгээний төв сервизийг мэргэжлийн багаар бүрдүүлж дуудлагаар болон өөрсдөө очиж засвар үйлчилгээ хийж шахмал түлшний хэрэглээг зөв галлах талаар сургалт хийж үйлчилж байна. Өнөөдрийн байдлаар 34939 айлд үзлэг хийж дуудлагаар 1310 айлд очиж үйлчилгээ үзүүлсэн байна. Үүнээс гадна манай компанийн бас нэг үйлчилгээ бол мэдээллийн төв 70119400 гэсэн утас ажиллуудаг. Энэ төвийн үйл ажиллагаа нь мэдээлэх, зөвлөгөө өгөх, гомдол санал хүлээж авах цэгүүдийн байршлын хаяг, компанийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл өгөх сайн карт олгох зэрэг чиг үүрэгтэй ажиллаж байна. Одоогоор нийт 50 мянга гаруй дуудлага хүлээн авч үйлчилсэн байна.

Анх удаа нийтээрээ шинэ түлш хэрэглэж үзэж байгаа нь хаа хаанаа туршлага дутаж эрдэнэт хүнээ алдсан хэрэг нь зах зээлийн том орнууд Герман, Англи, Солонгос, Хятад зэрэг орнуудад ч гарч байсан гашуун түүх бий. Жишээ нь, шахмал түлшний эх орон гэгдэх Герман улсад хэрэглэгчид угаартаж, зуухны сойлтуур хаалтыг огт хэрэглэхгүй хурааж байсан аж. Мөн Хятатад оройн цагаар дуут дохио, түмпэн сав цохиж угаараас сэргийлэхийг анхааруулж байсан туршлага бий. Харин манай улсад хэвлэл мэдээлэл, телевиз, гарын авлагаар зөв галлагаа хийх сургалтыг хангалттай явуулж байгаагийн хувьд нийт хэрэглэгчийн 90 гаруй хувь нь зөв аюулгүй галлагаа хийдэг болсон. Мөн сайжруулсан түлш нь нүүрстэй харьцуулахад олон талаар давуу болохыг хүлээн зөвшөөрч байна. Гэсэн хэдий ч угаарын дохио суурьлуулж өгөөд дугарсан тохиолдолд яах ёстой вэ гэсэн заавар зөвлөгөө өгөөд байхад угаарын дохионыхоо зайг салгаад, зуухныхаа хаалтыг хаагаад унтдаг хэцүү хүмүүс байсаар байгаа нь тун харамсалтай, аюултай байгаа юм.

-Түүхий нүүрс түлснээс агаарын бохирдол үүсч иргэд ихээр өвчилдөг байсан нь буурсан уу?

-Монгол Улсын Засгийн газраас 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр “Түүхий нүүрсийг Улаанбаатар хотын зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн аж ахуйн нэгж байгууллагуудыг 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Олон улсын байгууллагын мэргэжлийн судалгаанаас үзэхэд Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол эх үүсвэр нь чанар муутай хүрэн нүүрснээс ялгарч байгаа утаанд агуулагдах хортой бодисууд гэж үздэг. Агаарын бохирдол сүүлийн гучин жилд байнга нэмэгдсээр Монгол үндэстний удмын сан, хүн ам эрүүл мэнд амьдрах орчин экологид сөргөөр нөлөөлж 1997 онд гамшгийн хэмжээнд хүрснийг зарласан. Агаарын бохирдлоос болж нэг жилд дунджаар 4,6 сая хүн нас барж байгаагийн 1,7 сая нь хүүхэд байгаа. Мөн дэлхийн 2100 гаруй хотод агаарын бохирдол хэвийн түвшнээс даваад байгааг дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулаад байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авч агаарын бохирдлоо шийдэж байгаа дэлхийн улс орны тоо жилээс жилд нэмэгдэж байна. Мөн агаарын бохирдолтой тэмцэхийн тулд улс орнууд хатуу түлш, нүүрсний хэмжээгээ багасгаж цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслийг хэрэглээнд нэвтрүүлж сэргээгдэх эрчим хүчийг өргөн ашиглах болсон шүү дээ. Манай улсын хувьд ч дэлхийн энэхүү чиг баримжааг барьж ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарын зургаан дүүрэгт есдүгээр сарын 15-наас өнөөдрийг хүртэл 300 мянган тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэсэн гэсэн статистик судалгаа байна. Үүнээс инженерийн ойролцоо тооцоо хийж үзвэл 2018 оны хоёрдугаар сарын 15-ны үеийн шатаасан түүхий нүүрч 600-700 мянган тонн байсантай харьцуулахад 300-400 мянган тонн түүхий нүүрс шатаагдаагүй тооцоо гарч байна. Хэрэв 300-400 мянган тонн түүхий нүүрс шатаагдсан бол 450-600 мянган тонн утаа нэмэгдэн ялгарах байсан. Ийм хэмжээний утаанд хэчнээн мянган тонн хатуу тоосонцор PM2.5, PM10, SO, CO2, No x зэрэг хорт хий Улаанбаатар хотын агаар мандалд хаягдах байсныг сайжруулсан шахмал түлш хэрэглэсний үр дүнгээр зогсоож чадсан.

-Агаарын бохирдлын сүүлийн судалгааг хэзээ хийсэн бэ. Ямар үр дүн гарсан бэ?

-УИХ-ын өргөдлийн байнгын хорооны дарга Н.Оюунчимэгийн 2019 оны ажлын тайланд мэргэжлийн байгууллагуудын хэмжилт судалгааг үндэслэн Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50-55 хувь, хатуу тоосонцор PM 38-42 хувь буурсан гэж дүгнэж ярьсан. Үүнийг манай УИХ-ын дүгнэлт гэж ойлгож байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019-2020 оны шинэ жилийн мэндчилгээндээ “2019 оны агаарын бохирдол буурсан жил байлаа” гэж мэндчилж байсан. Ер нь хот хөдөөгүй олон иргэд агаарын бохирдлыг эрс буурсан тухай ам сайтай байгаа. Үүнээс үзэхэд 62 дугаар тогтоолын хэрэгжилт сайн байна гэхэд маргах хүн байхгүй биз.

-Шинэ үйлдвэр нэмж барих тухай яригдаж байсан. Хэзээ баригдаж эхлэх вэ?

-Ирэх оноос зүүн бүсэд ахин нэг шахмал түлшний үйлдвэр ашиглалтад орно. Үүний техник эдийн засгийн үзүүлэлтүүдийг өнгөрсөн долоон хоногт Түлш эрчим хүчний яамаар батлуулсан. Зүүн бүсэд шахмал түлшний үйлдвэр байгуулах зорилго нь Багахангайн 541, Багануурын 5030, Налайхын 8092 нийт 13663 гэр хорооллын айл өрхийг хангах нүүрс үйлдвэрлэх шаардлагатай. Бид жилийн хугацаанд энэ үйлдвэрийг яаралтай барьж байгуулсан учраас техник төхөөрөмжүүдээ дандаа хятадаас авсан. Яагаад гэвэл үнэ хямд, хурдан нийлүүлэх учраас. Харин одоо барих үйлдвэрээ барихдаа Европ, Солонгос, Хятад төхөөрөмжүүдээ хэд хэдэн шалгуур тавих юм. Үүнд төхөөрөмжийг үйлдвэрлэж нийлүүлэх хугацаа, үнэ, бүтээгдэхүүний чанар, туршигдсан байдал, бүтэц хийц, засвар үйлчилгээ хийхэд хялбар, ажиллахад хялбар, сэлбэгийн олдоц зэрэг үзүүлэлтүүдийг харж байгаад Солонгосоос ихэнх төхөөрөмжөө авахаар болсон.

-Үнс хаягдал их, тортог ихтэй гэж яриад байгаа. Энэ гарч байгаа үнсийг юунд хэрэглэж болох талаар судалсан уу?

-Судалгаа хийж байгаа. Шинжлэх ухааны академийн хими технологийн хүрээлэнгээр судлуулсан. Судалгааны үр дүнд барилгын материал хийхэд хамгийн тохиромжтой гэсэн. Гэхдээ хүнд даацын материал хийхэд тохиромжгүй. Хөнгөн даацын явган хүний замын хавтан болон уул уурхайн ухсан нүхэнд дүүргэлт хийхэд тохиромжтой. Тийм учраас дүүргүүдэд таван уут үнс өгөөд нэг уут сайжруулсан шахмал түлш үнэгүй ав гэсэн аян зохион байгуулж байгаа. Мэдээж өгсөн үнс нь явган хүний замын хавтан хийх үйлдвэрт ашиглагдана.

-Улаанбаатар хотод бас шинэ үйлдвэр барьж, түргэн хугацаанд ашиглалтад оруулах тухай яригдаж байсан. Хэзээ ашиглалтад орох бол?

-Сайжруулсан түлшний үйлдвэрийг энэ оны найман сард ашиглалтад оруул гэсэн тушаал ирсэн. Баянзүрх дүүрэгт буюу Амгалангийн дулааны станцын цаана газар олгогдож байгаа юм билээ. Таван Толгой түлш компанийн цаашдын зорилт бол үйлдвэрийн тоос гарах явдлыг засч сайжруулах, мөн өөрийн лаборатори байгуулж ажиллах, зүүн бүсийн үйлдвэрээ барьж байгуулах том том ажлууд бий.