​ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Ажиглалтаас гарсан хүмүүс гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлана
3 сарын 23, 2020

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өглөө.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “Өнгөрсөн хугацаанд нийт 191 улсад COVID-19 өвчлөл бүртгэгдсэн байна. Өвчлөл бүртгэгдсэн оронд Итали, Испани, АНУ-д өвчлөлийн тархац, нас баралтын тоо өндөр байна.

Байдал өдөр тутамд өөрчлөгдөж байна.

Тухайлбал, өнөөдрөөс эхлээд хоёроос дээш хүн нэг дор цуглавал үүнийг бөөгнөрөл гэж үзнэ. Хамгийн багадаа хоёр хүн хоорондоо хоёр метрийн зайтай харьцах шаардлагатай байна" гэдгийг онцлов.

Мөн тэрбээр "Ажиглалтаас гарсан хүмүүс гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлана. Гэхдээ эмнэлэгт гурван удаа даван шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй тохиолдолд эмнэлгээс гаргана.

Баримтлах дэглэм нь:

  • Тухайн иргэн өөрийгөө гэртээ тусгаарлахаас гадна ажиглана,
  • Гар утсандаа байршил тогтоогчийг байнга асаалттай байлгана,
  • Өөрийн халуунаа өдөрт хоёр удаа үзэж, харьяалах эмчид утсаар болон цахимаар мэдээлнэ,
  • Хэрвээ өвчний шинж тэмдэг илэрвэл 119,103, 80086829 зэрэг утсанд мэдээлэх ёстой.
  • Гэрээсээ гарахыг хориглоно. Гэр бүлийн гишүүнтэй ойр байхгүйг хичээх
  • Хэрвээ тухайн иргэд гэрээсээ гадагшаа гарах, интернэтээ унтраасан тохиолдолд Зөрчлийн тухай хууль болон Эрүүл мэндийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ.

Мөн энэ хүмүүсийг сум, дүүргийн засаг захиргаа болон хүчний байгууллага хамтран гэртээ 14 хоног байхад нь хяналт тавина" хэмээн хэллээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Тэрбээр "Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн 24 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүйг мэдээлж байсан. Уг онгоцоор ирээд Цэргийн эмнэлэгт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээ хийгдэж байна. Гуравдугаар сарын 17-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирж Цэргийн эмнэлэгт тусгаарлагдсан 52 хүнээс коронавирус илрээгүй.

Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Гуравдугаар сарын 22-нд ХӨСҮТ болон орон нутагт сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Халдвар авсан 10 хүний биеийн байдлын талаар мэдээ өгье.

Биеийн байдал нь хүнд байсан хоёр хүний биеийн байдал сайжирч, тогтворжиж байна. Бусад иргэний биеийн байдал тогтвортой байна.

Франц иргэний уушгийг CTI аппаратаар оношлоход нөхөн сэргээлт хэвийн болж буйг эмчлэгч эмч нь хэлсэн.

Эдгээр иргэнийг багадаа 10 хоног эмчилнэ" гэсэн мэдээллийг өглөө.

ДЭМБ-ын сүүлийн үеийн мэдээллийг ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа: COVID-19 халдварын 292,142 тохиолдол дэлхийн хэмжээнд бүртгэгдэж, нас баралт 12,784 бүртгэгдсэн байна. Африкийн бүсийн дөрвөн улсад шинээр халдвар бүртгэгдсэн бол дэгдэлт эрчимтэй байгаа Европын бүсэд нэг хоногийн дотор 20 мянга орчим тохиолдол шинээр нэмэгдэж, 1,000 хол давсан нас баралт бүртгэгджээ.

Ихэнх улс орнууд иргэддээ гэртээ өөрийгөө тусгаарлахыг зөвлөж байна. Сургууль цэцэрлэгийг хаах, зорчигч тээврийг хязгаарлах, зогсоох зэрэг арга хэмжээ авахын зэрэгцээ шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгааг тэрбээр хэллээ.

ДЭМБ-аас Европын бүсэд зориулан гэртээ тусгаарлагдах үедээ дасгал хөдөлгөөн хийж, идэвхтэй байх заавар гаргажээ.

ДЭМБ-аас батлагдсан хөнгөн, хүнд гээд бүх тохиолдол болон тэдгээрийн бүх хавьтлыг тусгаарлахыг зөвлөж байгаа. Тархалтын дараагийн дараагийн үе шатанд бэлдэхдээ аймаг, дүүргүүд харьяаллын хүн амдаа зориулж хэдэн тусгаарлах байр хаана гаргахыг урьдчилан тодорхойлох ажилыг хийж байна.

"ДЭМБ-ын нэрийг ашигласан цахим гэмт хэрэг ихсэх хандлагатай байгаа тул иргэд, байгууллагууд "ДЭМБ-аас" гэсэн и-мэйл ирсэн тохиолдолд нягтлан шалгаж, хувийн мэдээлэл, хөрөнгөө алдахгүй байхыг анхааруулж байна.

ДЭМБ-аас халдварын хяналт сэргийлэлт, лабораторийн удирдамжийг шинэчлэн баталсан" гэлээ.