ОНЦЛОХ Д.Нямхүү: Халдвар аван эмчлүүлж байгаа д эдгэрсэн хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар боллоо
3 сарын 30, 2020

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгай үүргийн онгоцоор ирсэн болон орон нутагт тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариуг танилцууллаа.

"Бидэнд эмчлэгдэж буй хүмүүсээс эхний хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар болсон. Сүүлийн гурав хоног таван зүйлийн сорьцонд вирус илрээгүй. Гэхдээ энэ хоёр хүн үргэлжлэн 14 хоног тусгаарлаж хянагдана.

Анхны батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 59 хүнд 2020 оны гуравдугаар сарын 29-нд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

3 дугаар сарын 29-нд ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй" гэсэн мэдээллийг өглөө.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Тэрбээр "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2,368 хүнийг тусгаарлан ажиглаж байна. Үүн дотор жирэмсэн 43 эх, тав хүртэлх насны 56 хүүхэд байгаа. Мөн даралт ихсэх эмгэгтэй, чихрийн шижинтэй, гэмтэлтэй иргэд цөөнгүй байгаа бөгөөд шаардлагатай эмнэлгийн тусламжийг үзүүлээд явж байна.

Тусгаарлах байруудад нийтдээ 337 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа.

Түргэн тусламжийн дуудлагад бага насны хүүхэд болон жирэмсэн эхчүүдийн төрөхийн дуудлага зонхилж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд галт тэргээр зорчиж байсан 3,000 гаруй иргэнд хяналт, тандалт хийсэн.

Утсаар зөвлөгөө өгч байгаа нөхцөлд тоглож залгах, залгаад авахаар таслах тохиолдлууд гарч байна. Гадаад улсаас холбогдож байгаа иргэд эмнэлгийн тусламж авахад хүндрэлтэй байгаагаа хэлээд эрүүл мэндийн зөвлөгөөнүүд авч байна" гэдгийг хэллээ.

Үргэлжлүүлэн ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дэлхий дахинд эмнэлгийн тусламж дутагдалтай байгаа тул эмнэлгийн салбарынхан сайн дураараа ажиллаж байна гээд тухайлбал Их Британид тэтгэвэртээ гарсан 20,000 эмч эмнэлгийн тусламж үзүүлэхээр ажиллаж эхэлсэн. Мөн өнөөдрөөс сувилагчийн сургуулийн 1,024 суралцагч эмнэлгийн тусламж үзүүлж эхлэхээр болж байгааг хэлсэн юм.