УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Хамгийн гол нь ирцээ бүрдүүлж, цагаа барих хэрэгтэй байна
4 сарын 7, 2020

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан цахимаар эхэллээ. УИХ-ын дарга болон УИХ дахь намын бүлэг, зөвлөлийн, байнгын хороодын дарга нар чуулганы танхимд, бусад гишүүд байнгын хороодын хуралдааны танхимд сууцгаажээ. Хуралдаанаар УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байгаа юм. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан чуулганы хуралдааны цахимаар хуралдуулах хуулийн төслийг гишүүн Д.Лүндээжанцан санаачлан өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: /УИХ-ын танхимаас/

-УИХ-ын дэгийн тухай хуулийн төсөлд цахимаар ямар нөхцөлд хуралдах, хичнээн гишүүний ирцтэй байхыг зааж өгөх ёстой. Тэгэхгүй бол ирц бүрдэхгүй, гишүүд чөлөө аваад явцгаана.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Зайлшгүй нөхцөл байдлын үед хэрхэн хуралдах талаар УИХ-ын дэгийн хуульд тусгах шаардлагатай болоод байна. Ингэхдээ гамшгийн, онцгой нөхцөлийн үед гээд тодорхой зааж өгөх ёстой, хэн энэ шийдвэр гаргахыг зааж өг гэж гишүүд хэлж байгаа юм. Байнгын хороо, нам, эвсэл хууль санаачлахыг хүлээж авах боломжгүй. Олонхи нь хүрэлцэн ирснээр ирц бүрдэнэ гэдэг заалтаараа явах хэрэгтэй. Өвчин тусаж, хязгаарлагдсан тохиолдолд яах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Хуульд заасан олонхийн бүрэлдэхүүнээрээ хуралдаж чадахгүй нөхцөл үүсэх үү гэдэг асуудал гараад байна.

УИХ-ын гишүүн Ё.Батаарбилэг: /Их жанжан Сүхбаатар танхимаас/


-Би танхимаас кноп дараад асуулт тавих гэсэн болсонгүй. утсаар хэлнэ, гар өргөнө гээд ярвигтай асуудал байна гэдгий онцоллоо.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: /Их эзэн Чингис хаан танхимаас/

-Хаалттай хуралдаанаар асуудлыг яаж хэлэлцэх вэ? Гишүүд саналаа яаж өгөх вэ зэрэг асуудлыг тодорхой болгох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: /Их жанжин Сүхбаатар танхимаас/

-Хамгийн гол нь ирцээ бүрдүүлж, цагаа барих хэрэгтэй байна. Гишүүд цагаа барихгүй байна. Цагаа барихгүй гишүүдэд ямар хариуцлага тооцох вэ? Хуульчилж өгөөч ээ.

Ингээд дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр гишүүд үг хэлж байна.


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.