БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод 10 тохиолдол нэмэгдэж, Цэргийн төв эмнэлгийн 6 ажилтан халдвар авчээ
12 сарын 28, 2020

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцуулав. “Арванхоёрдугаар сарын 27-нд хийсэн шинжилгээнүүдээс 16 хүний сорьцод коронавирус илэрлээ. 16 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд 10 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгэд гарч байгаа халдвартай холбоотой байна. Тэдний хоёр нь өвчтөн бол найм нь гэр бүлийн гишүүд байгаа юм.  Зургаан тохиолдол нь Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, ариутгагч нар байна. Эдгээр хүмүүс ажиглалт тусгаарлалтын 14 хоногийн хугацааныхаа 7 дахь хоногт халдварт өртсөн. 

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт гарсан халдварын тоо 194 боллоо. Үүнээс эрүүл мэндийн ажилтан 19, гэр бүлийн гишүүн 59, өвчтөн 86, сахиур 24, хавьтлаас 6 хүн байгаа юм. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,137 болсон бол үүнээс 711 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 416 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 8, хүндэвтэр 56, хөнгөн 350 байгаа" гэв.