Шахмал түлш, амны хаалтны үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 8 дахин өсжээ
2 сарын 19, 2021

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2021 оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 35.8 хувиар буюу 415.9 тэрбум төгрөгөөр өсжээ. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 325.6 тэрбум төгрөгөөр, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 79.7 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Мөн цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 9.8 тэрбум төгрөгөөр, ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал, зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэл 7.2 хувь буюу 777.2 сая төгрөгөөр өсжээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2021 оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 42.8 хувь буюу 325.6 тэрбум төгрөгөөр өсөхөд

  • нүүрс олборлолт 257.1 тэрбум төгрөгөөр буюу 2.1 дахин
  • газрын тос олборлолт 12.8 тэрбум төгрөгөөр
  • металлын хүдэр олборлолт 65.2 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт 2021 оны 1 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр зэсийн баяжмал, алт, хайлуур жонш, газрын тос болон чулуун нүүрсний олборлолт өмнөх оны мөн үеэс 0.3 хувиас 2 дахин, боловсруулах аж үйлдвэрийн салбарт шохой, спирт, ус, ундаа, жүүс, шингэн сүү, гурил, мах, баяжуулсан нүүрс зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.1 хувиас 2.7 дахин өссөн байна. Мөн нүүрсэн шахмал түлш болон амны хаалтны үйлдвэрлэл 2021 оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 79.1 хувиас 7.9 дахин өссөн байна.