Нийслэлийн 15 цэгт агаар дахь хүхэрлэг хий, тоосонцорыг автомат багаж болон химийн аргаар тодорхойлж байна
2 сарын 19, 2021

Шахмал түлшийг нэвтрүүлснээр Улаанбаатар хотын агаарын PM 2.5,  PM10 зэрэг нарийн ширхэгт тоосонцоруудын хэмжээ буурсан ч хүхэрлэг  хийн хэмжээ нэмэгдлээ гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарах болсон. Агаарын чанарыг тодорхойлогч үндсэн бохирдуулагчдаас агаарын тоосонцрууд нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйд тооцогддог учраас “PM2.5,  PM10” тоосонцорын нөлөөллийн талаарх мэдээлийг хүргэж байна.

Одоогийн байдлаар Нийслэлийн  агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 15 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3)-ы агууламжийг автомат багаж болон химийн аргаар тодорхойлж www.agaar.mn сайтад өдөр бүр мэдээлж байна. Хүн агаарын тоосонцроор амьсгалснаар тоосонцрын жижиг хэсгүүд уушгинд хүрч, уушги зүрх судасны хүнд хэлбэрийн үрэвсэлт өвчлөлүүдийг үүсгэдэг аж. Агаарын чанарыг үнэлэх, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тооцохдоо тоосонцрыг 2.5-10 микрометрийн аэродинамик диаметртэй буюу том ширхэглэлт тоосонцор (PM10) ба 2.5 микрометрээс бага буюу нарийн ширхэглэлт тоосонцор (PM2.5), хэт нарийн ширхэглэгт тоосонцор (PM0.1) гэж ангилдаг байна.

АГААРЫН ТООСОНЦРЫН ЭХ ҮҮСВЭР

Агаарын тоосонцрууд нь янз бүрийн хэлбэр хэмжээтэй ба төрөл бүрийн химийн бодисуудаас тогтдог. Зарим нь эх үүсвэр дээрээс шууд ялгардаг байхад ихэнх нь агаар дахь бусад бохирдуулагчдын цогц химийн урвалаас үүсдэг. Тоосонцрын эх үүсвэрийг ерөнхийд нь байгалийн болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж ангилна.

PM10: Том ширхэглэлт тоосонцор (PM10) нь голдуу байгалийн гаралтай эх үүсвэртэй байдаг. Тухайлбал механик өгөршилд орж, нунтаглагдан бутарсан хөрс, тоос, далайн давс, биоаэрозолын хэсгүүд байдаг. Салхи, хөдөлгөөн зэргээр хөрсний жижиг хэсгүүд агаарт гарч салхиар зөөгдөн, эрдсийн тоосонцруудыг атмосферт оруулж ирдэг бөгөөд эдгээр тоосонцрын гол найрлага нь царцдаст ихээр агуулагдах хөнгөн цагаан, цахиур, төмөр, кальци болон калийн ислүүд байдаг.

PM2.5: Харин нарийн ширхэглэлт тоосонцор нь ихэвчлэн хийн төлөв дэх бодисуудын конденсацийн процесс болон дутуу шаталтын процессоос үүсдэг. Тиймээс гол эх үүсвэр тээврийн хэрэгслүүд, үйлдвэрийн болон ахуйн шаталтын процессууд мөн хоол хийх зэрэг шаталт явагдаж байгаа бүхий л хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй эх үүсвэрүүд байна.

Конденсацийн процессын үед агаар дахь хийн бохирдуулагчид 0.05 микрометр хэмжээтэй цөмийг тойрон хэсэг хугацааны дараа бөөгнөрөн биежиж нарийн ширхэглэгт тоосонцруудыг үүсгэдэг (Зураг 1). Шаталтын үед янз бүрийн температурт тоосонцор үүсгэх өндөр идэвхтэй хий төлөвт нэгдлүүд, органик нэгдлүүд, үргэлжилсэн гинжин хэлхээ бүхий хөө тортог, металлын ислүүд агаар мандалд хаягддаг ба агаар мандлын физик химийн процессын үр дүнд янз бүрийн хэлбэр хэмжээтэй тоосонцрыг үүсгэдэг.

ТООСОНЦРЫН ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛӨЛ

Агаарын тоосонцор буюу аэрозол гэдэгт дээр дурдсанчлан хэдхэн молекулын кластерын хэмжээнээс 20 мкм хүртэлх диаметртэй хатуу болон шингэн жижиг хэсгүүд хамаарна. Гэвч амьсгалах процессоор нэвтэрч, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэх нь том болон нарийн ширхэглэлт тоосонцор РМ2.5, PM10 байна.

Тиймээс иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан хот, суурин газрыг төлөвлөж, бохирдлын эх үүсвэрийг багасгаж, хүн амд амьдрах орчны зөв дадлыг төлөвшүүлэх замаар агаар, орчны бохирдлыг бууруулж эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхээр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос  үйл ажиллагаагаа  чиглүүлэн шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Байгаль орчин, аялал жуулчлалын яам


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.