Баянгол дүүрэгт дөрвөн байршилд нүхэн, гүүрэн гарц барина
6 сарын 5, 2021

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хотын Захирагч Д.Сумъяабазар нар өнөөдөр /2021.06.05/ Баянгол дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Баянгол дүүргийн дөрөвдүгээр  хороонд Найрамдлын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажилтай танилцжээ.  Тус газарт 2018 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон ч төсөв, хөрөнгө шийдэгдээгүй байна. Улмаар компаниуд хөрөнгө оруулалт хийж, нийт 3.6 га-гийн 40 хувьд нь авто зогсоол барих санал тавихад ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь нэн шаардлагатай гэдэг шалтгаанаар хүлээн зөвшөөрөөгүй аж. Ингээд Төмөр замын хөрөнгө оруулалтаар иж бүрэн ногоон байгууламж, гүйлтийн зам, явган зам, усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болжээ. Нийслэлд 67 байршилд барилга байгууламж барихыг хориглосон байдгийн нэг нь тус газар юм.

Төмөр замын вокзалын хойд талд байрлах цэцэрлэгт хүрээлэн баруун, зүүн гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Баруун хэсгийг 2019 онд Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг өөрийн хөрөнгөөр тохижуулсан. Зүүн хэсгийн эл 3.6 га талбайн тохижилтын ажлыг тус нийгэмлэгийн 245 сая, Баянгол дүүргийн төсвийн 180 сая төгрөгийн хөрөнгөөр 2021 онд иж бүрэн тохижуулна. Мөн тус цэцэрлэгт хүрээлэнгийн арын туслах авто замын шинэчлэлийн ажил 2021 оны улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжинэ. Мөн төмөр зам дээгүүрээ нэвт гарсан гарцтай, зорчигчоо хүлээн авах Төмөр замын олон улсын буудал барихаар зорьж байгааг танилцуулахад Ерөнхий сайд хотын төвд түгжрэл үүсгэх ийм шийдвэрийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн юм.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн энэ үеэр Баянгол дүүрэгт шинээр хэрэгжих авто замын төсөл арга хэмжээ, төлөвлөлтийг танилцууллаа. Баянгол дүүрэгт Геологийн төв лаборатори, “Хермес” төв орчмын хоёр байршилд нүхэн гарц, Барс зах орчмын төмөр зам, үерийн далан болон “Говь” ХХК-ийн хойд талаар Дунд гол дээгүүр хоёр байршилд гүүрэн гарц шинээр барина. Мөн 27.5 км автозамын өргөтгөл шинэчлэлтийг хийн,  10-р хорооллын баруун хойд уулзварын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зэрэг ажлууд хийгдэхээр төлөвлөөд байна.  Авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд дүүргийн замын хөдөлгөөний эрчим 27 хувиар буурах боломж бүрдэж, шинээр гүүрэн гарцыг барьснаар бүтээн байгуулалтуудын гол холбоос байгууламж болох ач холбогдолтой гэдгийг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.