2485 хүнээс халдвар илэрч, 15 хүн нас баржээ
7 сарын 1, 2021

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 8000 гаруй шинжилгээ хийх явцад 2485 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 117963 болж байна.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1437 нь Улаанбаатар хотод
  • 1048 нь орон нутагт бүртгэгдлээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 91308 тохиолдол бүртгэгдсэн бол орон нутагт нийт 25833 тохиолдол бүртгэгдээд байна. Өчигдрийн байдлаар 14000 гаруй хүн эмнэлэгт, гэрийн хяналтад 24000 хүн байсан.

Харин өнөөдөр eruul.gerege.mn систем ажиллахгүй болсонтой холбоотойгоор эдгэрсэн болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоог мэдээлэх боломжгүй болсонд хүлцэл өчье. Өнгөрсөн хоногт халдварын улмаас 41-80 гаруй насны 15 хүн нас барсан. Нас барсан иргэд эмнэлэгт 4-15 хоног хэвтэн эмчлүүлж байсан. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.