Тогтоол усанд сэрүүцэхээр ороод живжээ
8 сарын 12, 2021

Ойрын өдрүүдэд үер усны ослоос болж эндэх, сураггүй алга болох тохиолдол нэмэгдсэн гэдгийг албаныхан мэдээлж байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн Бухын цагаан гэдэг газар нэг хүн тогтоол усанд сэрүүцэхээр ороод живжээ. Ослын тухай дуудлагыг өчигдөр /2021.08.11/ 19:20 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0146 дугаар анги, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид 65 км замыг туулан 21:45 цагт очиход 34 настай эрэгтэй тогтоол усанд сэрүүцэхээр ороод живсэн байжээ. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:50 цагт эрлийг түр зогсоож өнөөдөр 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Мөн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Элдэв багийн Зүүндалан гэдэг газар хиймэл нууранд нэг хүн живсэн тухай дуудлагыг наймдугаар сарын 10-ны 16:55 цагт аймгийн Онцгой байдлын газарт өгчээ. Мэдээллийн дагуу гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги, Үндэсний аврах бригадын алба хаагчид наймдугаар сарын 11-ний өдрийн 09:53 цагт очиж, нүүрс угаах үйлдвэрийн хиймэл нууранд компанийн ажилтан Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат 22 настай, эрэгтэй живсэн байна.

Эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 11:30 цагт тус иргэний цогцсыг нуурын 11 метрийн гүнээс олжээ. Цогцсыг аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлж өгсөн байна. Иймд иргэд та бүхэн орон нутагт зорчих, амарч зугаалахдаа үер усны аюулаас сэрэмжилж, болгоомжтой зорчихыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.