С.ЭНХБОЛД: Жилд томуугийн халдвараар 120-130 мянган хүүхэд өвддөг
3 сарын 16, 2022

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийлээ.

Тэрээр "Ерөнхий сайд үүрэг чиглэл өгсний дагуу хүүхдийн өвчлөлийн байдал, тусламж үйлчилгээний хүртээмжийн талаар мэдээлэл хийлээ. Жилийн 52 долоо хоногийн 25 орчим долоо хоногт нь томуугийн өвчлөл бүртгэгддэг. Оргил үе нь 5-7 хоног байдаг. Хамгийн их дэгдэлттэй байсан үе нь 2019-2020 он. Нийтдээ 19 хоног үргэлжилсэн. Томуугийн өвчлөл арваннэгдүгээр сарын дунд үеэс эхэлсэн. Ковидын дөрөвдүгээр давалгаа буурсантай холбоотойгоор томуугийн дэгдэлт нэмэгдэж байна. Жилд томуугийн халдвараар 120-130 мянган хүүхэд өвддөг. Сүүлийн үед томуугийн халдвар авсан хүүхдүүд эмнэлгийн шалан дээр хэвтэж байгаа тухай мэдээлэл цацагдсан. Энэ байдлын эсрэг тодорхой ажлууд хийж байгаа. Тухайлбал, ахамдуудад тусламж үзүүлдэг эмнэлгүүдийн орыг чөлөөлж, хүүхдийн тусламж үйлчилгээнд шилжүүлж байна.

Сүүлийн таван жилд манай улсад жил бүр 10 орчим хүүхэд менингококкийн халдвар авсан. Энэ онд Сонгинохайрхан дүүрэгт нэг айлын хоёр хүүхэд өвчилж, нэг хүүхэд нас барж, нөгөө хүүхдийн биеийн байдал хүнд, эмчлүүлж байна. Энэ өвчний эсрэг вакциныг хүүхдүүдэд хийдэг. Гэхдээ өргөн хүрээг хамруулж хийдэггүй" гэлээ.