С.Энхболд: Шаардлагатай 15 нэр төрлийн 22 эмийн худалдан авалтыг төрөөс хийж байгаа. Энэ сарын сүүлээр орж ирнэ
4 сарын 12, 2022

 УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөний талаарх аудитын тайланг танилцуулж байна.

 Асуулт: УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Зүү, тариур, дуслын шингэнийг үйлдвэрлэхэд төрөөс дэмжлэг үзүүлнэ гэж заасан ч хэрэгжихгүй байгаа. Цар тахлын үед дутагдалд орсон. ДЭМБ-д бүртгэгдсэн эмийг захиалаад авах боломж бүрдэхгүй байна. Тендерээр орж ирсэн эм чанарын шаардлага хангахгүй тохиолдол байна. Эмийн чанарын хяналтын лаборатори хэд байгаа вэ?

Хариулт: Эрүүл мэндийн сайд С.Энхболд: 2021 оны нэгдүгээр сард Эм, эмнэлгийн хяналт зохицуулалтын газрыг байгуулсан. Өнгөрсөн онд эм, эмнэлгийн хэрэгсэлд хяналт тавих 52 байцаагчийг ажиллуулж эхэлсэн. Эмийн үнэд зохицуулалт хийж байна. Эмийг худалдан авах үйл ажиллагааг нэгдсэн систем рүү шилжүүлсэн. Зайлшгүй шаардлагатай 15 нэр төрлийн 22 эмийн худалдан авалтыг төрөөс хийж байгаа. Эхний эм дөрөвдүгээр сарын сүүлээр орж ирнэ.

Хариулт: ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг: Эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхэд хувь хүмүүс оруулж ирэхийг хориглосон. Заавал бүртгэлтэй эм оруулж ирэх ёстой. Шинэ хуульд энэ талаар зохицуулалт орж байгаа. НЭМҮТ-д 620 сая төгрөгийн санхүүжилтийн хүрээнд хөрөнгө оруулалт хийсэн. Хүний бүх төрлийн биологийн шингэнд эм, мансууруулах бодисыг аппаратаар шинжилж байгаа. Ингэснээр дотоодын эм үйлдвэрлэж буй компаниудын эмийг судлан тогтоох боломж бүрдсэн.