О.Баасанхүү: Х.Баттулгад би сүүлийн удаа сануулж байна
5 сарын 5, 2022

Ардчилсан намаас мэдээлэл хийж, хууль эрх зүйн асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга О.Баасанхүү “Сүүлийн долоо хоногт Улсын дээд шүүх дээр асуудал үүсэх гээд байгаа юм шиг нөхцөл байдал эрчимтэй боллоо. Мэдээж, мөнгөтэй, МАН-тай үгсэн тохирч, зарим нэг сайдуудыг удирдаж явдаг хүнтэй хууль дүрмээр яриад ойлгохгүй байна. Х.Баттулга гэдэг хүн Соёлын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яаманд одоо хүртэл тодорхой хэмжээнд нөлөөлсөн хэвээрээ. Тэр битгий хэл Хууль зүй, дотоод хэргийн яам, Ерөнхий сайдыг хүртэл тодорхой хэмжээнд хяналтдаа байлгадаг гэж үздэг. Сүүлдээ энэ хүн даварч, Улсын дээд шүүхийг айлган сүрдүүлж, дарамтлах, гүтгэх, гутаах, олон нийтийг үймээн самуунд турхирах, ухуулан сурталчлах үйлдэл нь ил болон далд хэлбэрээ явж байна. Би сүүлийн удаа энэ үйлдлээ зогсоохыг сануулж байна. Өөрсдийгөө хуульч гэж нэрлэсэн хүмүүс УДШ-ийг зөвхөн бүртгэх ёстой гэж дарамт шахалт үзүүлж байгаа. Гэтэл бүртгэхээс гадна хяналт тавьдаг байгууллага юм. Тодруулбал, Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлд "Улсын дээд шүүх дүрмийн үйл ажиллагаа, улс төр нам дүрмийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавих цор ганц эрх бүхий төрийн байгууллага" гэж заасан байдаг. Ардчилсан нам арванхоёрдугаар сард тамганы асуудлаа, дөрөвдүгээр сарын 6-нд дүрмийн асуудлаа бүрэн шийдвэрлэсэн. Үндсэний бодлогын хороо болон дотоод сонгуулийн дүрмээ баталчихсан” хэмээв.