Ш.Батхүү үргэлжлүүлэн хагас сар хоригдоно
6 сарын 14, 2018

“Жаст” группийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний долларын зээл авсан хэргээр дуулиан тарьж байсан билээ. Энэ асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж түүнийг гурван сар хорьж, хорих хугацаа нь өчигдөр дууссан. Гэвч түүнийг үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хурал өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Прокуророос  Ш.Батхүүг үргэлжлүүлэн нэг сар хорих санал гаргасан учраас шүүхээс түүний хорих хугацааг 15 хоногоор сунгалаа.

Тэрбээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан цагаас хойш биеийн байдал нь муудаж, чихрийн шижин өвчин нь хүндэрсэн учраас эмчийн хяналтад байсан. Шүүх хурлын үеэр ч бас түүний бие муудаж, шүүх хурлыг эмчийн хяналт дор явуулах хүсэлт тавьсны дагуу түр хойшлоод эргэн хуралдсан байна.

Ш.Батхүүгийн эзэмшиж байсан "Хадгаламж" банк 'Жаст' группийн үүсгэсэн өр зээлийн улмаас дампуурч, тус банкийг Төрийн банканд нэгтгэсэн байдаг.