Улаанбаатар хотын Ерөнхий менежер асан Т.Гантөмөр Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ
7 сарын 6, 2022

  Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга асан Т.Гантөмөр өнөөдөр Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ. Тэрбээр 2016-2021 он хүртэлх хугацаанд буюу зургаан жил Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар ажиллаж байсан юм.

Тэрбээр баярын сэтгэгдлээ “Миний бие Монголын төрд 41 жил, үүнээс 31 жилд нь нийслэл, дүүрэгт ажилласан. Нийслэлчүүдийг эрүүл, аюулгүй амьдрах орчин, нөхцөлөөр хангадаг олон хүний хөдөлмөрийг Монголын төр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч шагнал гардууллаа. Өнөөдөр миний хүртэж буй энэ шагнал бол нийслэл, дүүрэг, хорооны төр, захиргааны албанд ажиллаж буй олон мянган иргэний ажил, хөдөлмөрийг үнэлсэн шагнал юм. Энэ салбарт ажиллаж буй мэргэжил нэгтнүүд болон нийслэлийн удирдлагууддаа талархал илэрхийлье. Миний бие уламжлал, шинэчлэлийг хослуулж, Монгол Улсын Засгийн Газар болон Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, хотоо улам илүү цэцэглэн хөгжүүлэхийн төлөө ажиллаж ирсэн. Цаашдаа ч мөн энэ үйл хэрэг үргэлжлэх ёстой” хэмээн хуваалцав.


Удирдахуйн ухааны доктор, хүний их эмч, улс төр судлаач, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй тэрбээр 2000-2004 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2004-2008 онд Удирдлагын академийн докторант, багш, 2008-2012 онд Засгийн Газрын төлөөлөгч, Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан юм. Түүний хийж бүтээснийг үнэлэн Эрүүл мэнд, байгаль орчин, банк санхүү, эдийн засаг, боловсрол, хууль эрх зүйн тэргүүний ажилтан цол тэмдэг, Тусгаар тогтнолын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон болон бусад ойн медалиар шагнаж байжээ. Тэрбээр мөн НИТХ-д тасралтгүй хамгийн олон буюу 1992-2016 оны хооронд нийт зургаан удаа сонгогдсон төлөөлөгч юм.

Тулгар төр байгуулагдсаны 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815,  816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийгэм, урлаг соёл, спортын салбарт хувь нэмрээ оруулсан зүтгэлтнүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулсан юм.

 

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР