ОХУ-ЫН БАГ, САУДЫН АРАБЫГ 5:0-ЭЭР ХОЖИЖ,  ТҮҮХЭН ЯЛАЛТЫГ БАЙГУУЛЛАА
6 сарын 15, 2018

Москва хотын Лужники цэнгэлдэх хүрээлэнд 21 дэх удаагийн хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ ёслол төгөлдөр эхлэж ДАШТ-ий  салхийг хагалж ОХУ, Саудын Арабын шигшээ багийн тоглолт  Улаанбаатарын цагаар өчигдөр 23 цагт эхэлж, Оросын шигшээ баг өрсөлдөгчөө 5:0-ээр хожиж түүхэнд бичигдэх  ялалт байгууллаа.


Лужники цэнгэлдэхэд цугласан 78 мянга гаруй үзэгчдийн өмнө ОХУ-ын шигшээ багт Краснадор хотоос дуудагдсан Юрий Газинский 12 дахь минутад 
фанатуудынхаа сэтгэлийг догдлуулсан анхны гоолыг мөргөж оруулан ялалтын салхийг сэвэлзүүлсэн юм.  Энэ гоол оросуудын урмыг сэргээсэн төдийгүй тэдний ур чадвараа гарган, давуу байдлаа олж харж, эрч хүчтэй тоглох боломжийг нь нээсэн юм. Анхны гоолыг оруулсан Юрий Газинский шигшээ багт ороод зургаа дахь тоглолтоо хийж мөн л анхны гоолоо оруулсан юм.  Улмаар 43 дахь минутад Денис Черышев /2:0/, 56 дахь минутад Артем Зюба /3:0/, 91 дэх минутад дахин Д.Черышев /4:0/ гоол оруулж сүүлийн гоолыг торгуулийн цохилтоор  94 дэх минутад Александр Головин  оруулж зохион байгуулагч орон дэвжээний эзэн баг 5:0-ээр Саудын Арабын шигшээ  багийг  итгэл төгс, хол тасархай хожиж анхны ялалтаа авчирлаа.