БУУДЛАГЫН ДАШТ-ЭЭС МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
11 сарын 8, 2022

    "Каир 2022" буудлагын ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдыг МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар “Олимпик хауст” хүлээн авч уулзан шагнаж урамшууллаа.  

Уулзалтад шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг, Монголын буудлагын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Энхсайхан нар байлцав.

Энэ жилийн ДАШТ-д Ц.Мөнхзул, Э.Даваахүү нар 50 метрийн сонгомол гар бууны холимог багийн дасгалд мөнгөн медаль хүртсэн. Мөн эмэгтэйчүүдийн том калибрын гар бууны 25 метрийн дасгалд Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг, Э.Хишигдэлгэр нар эхний байруудыг эзэлсэн юм. Ерөнхийлөгч Б.Баттүшиг дэлхийн аваргаас ганзага дүүрэн ирсэн тамирчдад баяр хүргээд Парисын олимп хүртэл бүх талаар дэмжиж туслахаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат энэ жилийн ДАШТ-д олон шинэ дасгал нэмэгдсэнийг онцолж, дараа дараагийн тэмцээнээс олимпын эрхээ авахаар зорьж байгааг дуулгав. Мөн манай тамирчдын алт, мөнгө, хүрэл медаль авсан дасгал албан ёсны бүртгэлд ороогүй талаар холбооны генсек О.Энхсайхан тайлбарлав. Тэрбээр “Медаль авсны дараа ДАШТ-ий албан ёсны дүнд оруулахгүй гэдэг асуудал үүссэн тул бид тайлбар хүсэж Олон улсын буудлагын холбоонд хандсан. Хариу нь өчигдөр ирлээ.

Хэрэв оролцогчийн тоо цөөн байвал тухайн тэмцээнийг зэрэглэл бууруулж тооцно гэсэн дүрмийн шинэ өөрчлөлтийг өнгөрсөн зургадугаар сарын 25-нд баталсан юм байна. Энэ дүрмийн дагуу гранпри ангилал болгож тооцсон болохыг бидэнд мэдэгдсэн” гэв.  

Өмнө нь буудлагын тамирчид Дэлхийн цомын тэмцээнээс олимпын эрхээ авдаг байсан. Тэгвэл энэ олимпын мөчлөгт эрх олгох шалгуур чангарч, зөвхөн тивийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эрх олгохоор болжээ. Одоо манай тамирчдыг олимпын эрх олгох гурван тэмцээн хүлээж байна.