Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг тэглэх зорилт тавьж байна
11 сарын 9, 2022

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эл-Шейх хотноо болж байгаа Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ "Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй нэрвэгдэж байгаа улс орны нэг. Манай орны ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээ дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын ердөө 0.1 хувийг эзэлдэг хэдий ч хүн ам болон эдийн засгийн хэмжээтэйгээ харьцуулахад өндөрт тооцогддог. Тийм ч учраас Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн нийтийн хүчин чармайлтыг тууштай дэмжиж, өөрийн зохих хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Өдгөө манай улсын малчин өрхийн 75 хувь нь сэргээгдэх эрчим хүч ашигладаг.

Дотоодын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор бүс нутгийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна.

Түүнчлэн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад метан хийн ялгаралд онцгой анхаарч, “Даян дэлхийн метаны амлалт”-д саяхан нэгдсэн.

Мөн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхаа бэхжүүлэх зорилгоор “Үндэсний дасан зохицлын төлөвлөгөө” боловсруулан хэрэгжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг ойртуулж, 2050 он гэхэд “Тэглэх” зорилт тавин ажиллаж байна.

Уур амьсгалын өөрчлөлт хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөтэй хавсран биологийн олон янз байдлын хомсдол, газрын доройтол, цөлжилтийн явцыг түргэтгэж байна.

Иймд Нэгдсэн үндэстний байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэлээ хангаж байгааг дуулгахад таатай байна.

Эцэст нь хэлэхэд Та бидний харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, зоримог шийдвэр, тууштай хичээл зүтгэл уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тавьсан зорилтоо цаг хугацаанд нь амжилттай ханган хэрэгжүүлж, цаашид тогтвортой хөгжлийг цогцлооход онцгой чухал үүрэгтэй юм.

Эх дэлхий бидний гэр орон, эх байгаль бидний оршихуйн үндэс гэдгийг үргэлж санаж, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэцгээе" гэжээ