Цас ихээр орох үеэр замын хөдөлгөөн тэг зогсолт хийж болзошгүй тул сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэх санал гаргажээ
11 сарын 25, 2022

Ирэх өдрүүдэд цас их орж, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн тэг зогсож болзошгүй тул Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар сургууль, цэцэрлэгийн хичээлийг цахимаар оруулах санал гаргасан байна.

Тэрээр "Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хот орчимд 11 дүгээр сарын 24, 27, 28-нд цас орж, 28-аас 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд хүйтний эрч эрс чангарах цаг агаарын урьдчилсан мэдээг танилцууллаа.

Иймд цас ихээр орох, цаг агаарын гэнэтийн үзэгдлээс үүдэн Улаанбаатар хотын авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч, тэг зогсолт хийх нөхцөл байдал үүсэж байгаатай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай тухай албан бичгийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт 2 өдрийн өмнө хүргүүлээд байна.

Үүнд:

1. Цас их хэмжээгээр орсны улмаас авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч болзошгүй тухай иргэд, олон нийтэд тогтмол урьдчилан мэдээлж байх,

2. Цаг агаарын үзэгдлийн улмаас авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч болзошгүй үед ажилтан, албан хаагчдын ажлын цагт уян хатан зохицуулалт хийх,

3. Цаг агаарын ноцтой үзэгдлийн үед сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар болон нөхөн хичээллэх бололцоотойгоор зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгох.

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад байгууллага хоорондын уялдааг хангах хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын авто түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ажлын албанд энэ талаарх ажлын биелэлт, үр дүнгийн мэдээллийг шуурхай ирүүлж байх талаар илгээлээ" хэмээв.