“Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” зөвлөгөөн болж байна
6 сарын 15, 2018

“Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” зөвлөгөөн өнөөдөр “Чингис” зочид буудалд болж байна. Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, чиглэлийн хүрээнд шинэчлэн батлагдсан “Эрүүл мэндийн даатгалын тухай” хууль болон “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль”-ийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2017 онд өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд баримтлах эрх зүйн баримт бичгүүдийг шинэчлэн баталж, эрүүл мэндийн салбарт мөрдөн ажиллах болсон.


Энэхүү бодлого шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2018 оныг “Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах жил” болгон зарласан. Энэ дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газрын түүхт 80 жилийн ойн хүрээнд НЗДТГ-тай хамтран зохион байгуулж буй тус зөвлөгөөн нь эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах зорилготой юм.

 

Зөвлөгөөний  нээлтэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломман болон эрүүл мэндийн салбарын удирдлагууд, ӨЭМТ-ийн эмч, ажилтнууд бүхий 200 гаруй зочид, төлөөлөгч оролцлоо.