НЗДТГ-аас жагсагчдад гэр барих зөвшөөрөл олголоо
12 сарын 12, 2022

Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэд өнгөрсөн баасан гарагт гэр барих зөвшөөрөл хүссэн.

Энэ дагуу НЗДТГ-ын дарга И.Баатархүү, Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ нар жагсагчдын төлөөлөлтэй уулзаж, гэр барих зөвшөөрлийг уншиж, танилцууллаа.

НЗДТГ-ын дарга И.Баатархүү “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11.3.8-д Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулахдаа гэр, майхан, бусад түр орогнох байр барих болон хоноглохгүй байх, түүнчлэн бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг нэвтрүүлэхгүй байхаар заасан. Иймд Сүхбаатарын талбайд үл хамаарах хэсэг буюу талбайн урд хэсгийн автомашины зогсоолд хоёроос илүүгүй гэр барих зөвшөөрөл олгож байгааг мэдэгдэж байна” хэмээв.