Алба хаагчид 68 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллав
12 сарын 13, 2022

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн хоногийн хугацаанд цасанд суусан 5 дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Дуудлагын дагуу Налайх, Багануур, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэн, 8 хүүхэд, 60 том хүнийг осгох, хөлдөх аюулаас авран хамгаалж, 10 автомашиныг цаснаас татан гаргалаа.

Тухайлбал, Багануур дүүргийн 2-р хороо Нарийны ам хэмээх газарт их хэмжээний цас орж халтиргаа гулгаа үүссэн нөхцөл байдалтай, Портер болон Приус-30 маркийн автомашинуудын шатахуун дууссан, цасанд суусан, нялх хүүхэдтэй явж байна гэсэн дуудлагыг 17:50 цагт ирүүлснээр Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүнийг очиход 22-48 насны 3 том хүн, 0-13 насны 5 хүүхэд осголтын байдалтай байсныг аюулгүй газар руу шуурхай тээвэрлэн хүргэсэн.

Багахангай дүүргийн 1-р хороонд автомашин цасанд суусан гэх дуудлагыг 21:29 цагт ирүүлснээр дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход Nissan Muso загварын автомашин цасанд суусан байдалтай 20-36 насны 3 иргэн, 1 настай хүүхэд байсныг бөгөөд автомашиныг татан гаргаж, аюулгүй байдлыг хангалаа.

Төв аймгийн Эрдэнэ сумын мэргэн Таньюкийн хөшөөнөөс урагшаа зэвсгийн агуулахаас урд зүгт 1.2 км-т “Toyota aqua” загварын авто машин цасанд суусан, нялх хүүхэдтэй явж байна гэсэн дуудлагыг 21:40 цагт ирүүлснээр Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүнийг очиход 2 хүүхэд, 3 том хүн осголтын байдалтай байсныг аюулгүй байдлыг ханган, Налайх дүүрэг рүү зөөвөрлөсөн.

Төв аймгийн Эрдэнэ сумын Өвөр жанчивлангийн харалдаа 2 автобус 100 иргэн цасанд суусан байна гэсэн дуудлагыг 21:05 цагт ирүүлснээр Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүнийг очиход Улаанбаатар хотоос Төв аймаг Эрдэнэ суманд байрлах Өвөр жанчивлангийн сувилал руу явж байсан суудлын автобустай 49 иргэн, Starex, Ниссан патрол, Ланд-200, Rx-350 автомашинууд цасанд суусан байсныг татан гаргаж, 49 иргэнийг тээвэрлэн сувиллын байрлалд хүргэж, аюулгүй байдлыг хангалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.