УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 10 гаруй хууль, тогтоолын төслийг батлав.
Ирэх оны төсвийн төсөлтэй хамт Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Мөн “Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим дэд заалтыг хүчингүй болсонд тооцох тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн.
Хэлэлцүүлгийн үеэр Д.Тогтохсүрэн гишүүн, “Засгийн газар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хэрэгжих хугацааг 2020 он болгож хойшлуулсан. Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хэлэлцээрийн хүрээнд хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахаас өөр аргагүй байсан хэмээн тайлбарлаж байгаа. Гэхдээ иргэдийнхээ тэтгэвэрт гарах боломж, нөхцлийг бүрдүүлэх үүднээс уг хуулийг ойрын хугацаанд хэрэгжүүлэх эхлэх хэрэгтэй” хэмээв.
Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, “Засгийн газраас ирэх онд ОУВС-тай дахин уулзалт хийж, уг хуулийг ойрын хугацаанд хэрэгжүүлж эхлэх асуудлаар хэлэлцээрт орж болно. Хэрэв ОУВС зөвшөөрөх юм бол хуулийг ойрын хугацаанд хэрэгжүүлэх боломжтой” гэсэн тайлбар өглөө.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хууль, тогтоолын төслүүдийг батлахыг дэмжсэн юм.