УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрээ гаргалаа.
Монгол Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналд, УИХ-ын гишүүн Б.Батзориг нь “Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө, аж ахуйн сайдаар ажиллахдаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар УИХ-ын гишүүн Б.Батзориг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох Засгийн газрын гишүүний эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн” тухай дурджээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Ерөнхий прокуророос М.Энх-Амгалангаас асуулт асууж, хариулт авсан юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Та нар хаалттай хуралдсан байна лээ. Намын бүлэг дээрээ саналаа нэгтгэчихээд яагаад хэвлэлээс хаалттай хуралдсан юм. Юу нуугаад байгаа юм. Прокурор УИХ-ын 4 гишүүн холбогдсон гэсэн. Хэн хэн гэдэг дөрвөн гишүүн холбогдсон юм бэ?
Ш.Раднаасэд: УИХ-ын гишүүд хаалттай хэлэлцэх санал гаргасан тохиолдолд хаалттай явуулдаг. УИХ-ын гишүүнээс тийм санал гаргаад байнгын хорооны гишүүдийн 80 хувь нь хаалттай явуулах ёстой гэж үзсэн.
Ц.Нямдорж: Мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийг хаалттай хэлэлцэх нь зүйтэй. Ялангуяа халдашгүй байдлын дэд хороо хаалттай хэлэлцэж, лавлах зүйл байдаг юм.
Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Дөрвөн гишүүний асуудал яригдсан гэлээ. Тийм асуудал байхгүй болов уу гэж бодож байна. Ер нь гишүүдийн асуудал байгаа. Яг шалгагдаж байгаа гэвэл ганцхан Б.Батзориг сайдын асуудал бий. Шалгалтын явцад гишүүд холбогдох уу үгүй юу гэдгийг одоохондоо хэлэх боломжгүй.
Л.Болд: Халдашгүй байдлын дэд хороонд хамгийн их сонгогдсон гишүүд байгаа. Гэхдээ АН-ын олон сонгогдсон гишүүдийг гадна нь үлдээгээд МАН-ын таван гишүүн л орсон шүү дээ. Байнгын хорооны хурлуудад АН оролцсон нь үнэн. Гэхдээ танай нам өөрсдөө шийдвэрээ 100 хувь гаргаад л яваад байсан. Бид оролцсон, ажигласан.
УИХ-ын гишүүдийн асуудал яригдсан юм бол зарла л даа. УИХ ажлаа хийгээд шалгуулаад ингээд явж байгаа гээд ард түмнээ тайвшруул л даа. Юундаа нуугаад байгаа юм бэ?
Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлыг хаа нэгтээ хөндөж ярих эрх үүрэг надад байхгүй.
М.Оюунчимэг: Гишүүд янз бүрийн луйвар хийгээд идээд уугаад сурчихсан ийм байдлыг өөрчлөөд өгөөчээ гээд ард иргэд хүсээд байгаа юм. Төрийн өндөр албан тушаалтан ихээр мөнгө төгрөг завшсан гээд нэлээд хэдэн хэрэг яригдаад байгаа. АТГ, прокурор, шүүх яагаад үүний хажуугаар яваад байгаа юм. Яагаад нэг хоёр гишүүнийг ингэж хурдан оруулж ирээд шийдээд яваад байгаа юм. Нийгэм шударга байдлыг хүсээд байна шүү дээ. Нэг хоёр хүн сольсноор байдал өөрчлөгдөхгүй. Тогтолцоогоо өөрчил өө гээд байгаа юм. Б.Батзориг сайдыг солиод дахиад нэг хүн тавина. Дахиад нэг хүн очоод л тэр аргаар ажиллаад л солигдоно. Ард нь луугарууд нь үлдэнэ. Нийгэм шударга ёсыг хүсээд байна.
Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Хөгжлийн банк, Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой бүхий л хэргийг шалгаж байна. Бүгдийг нь шалгаад явж байгаа. Өөрсдийн чинь баталж өгсөн хуулиар тухайн хүнийг байнга хориод байж болохгүй байна. Та нар алдаа согогтой хууль хийчихсэн. Өөрсдөө алдаатай хууль баталчихаад чи хууль биелүүлсэнгүй гэдэг. Шударга ёс гэдэг чинь энэ танхимаас эхлэх ёстой. Түдгэлзүүлэхгүйгээр шалга гэж байна. Түдгэлзүүлэхгүйгээр шалгах гишүүн жирийн иргэн хоёр чинь тэс өөр шүү дээ. Яагаад журмынх нь дагуу шалгуулж болдоггүй юм. Шалгах боломжийг нь өгөөч. Тийм шударга юм бол Б.Батзоригоо чөлөөл. Хаана байна тэр шударга ёс. Энэ хүний шийдвэрээр үүрэг гүйцэтгэсэн хүмүүс тэнд хоригдсон байна. Гэтэл энэ хүн энд зүгээр сууж байна шүү дээ.
Хуульзүйн сайд Ц.Нямдорж: Ерөнхий прокурорын хэлж байгаа үнэн. Хууль нь болохгүй байна гэж. Хэргүүд дээр авлига албан тушаалын хэрэг үүсгээд шалгаад ажлаа хийгээд явж байгаа шд. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар прокурорт бүх эрх мэдлийг нь өгчихсөн юм билээ. Миний зүгээс Цагдаагийн тусламж хэрэгтэй бол тусламж үзүүлж болно гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ цагдааг хөдөлгөхөөр цэрвээд, надтай нэр холбогдох вий гэж бодоод байх шиг байгаа юм. Гэхдээ би айдгаа авдартаа хийчихсэн хүн.
М.Оюунчимэг: Та том дуугараад загнаад л байна. Аргагүй юм байна. Танд бүх эрх мэдлийг чинь бид хуулиараа олгочихсон юм байна. Гэхдээ та бидэнд ажлаа тайлагнах ёстой. Та битгий том дуугараад бай. Тэгвэл бид нар өөрчлөөд өгье.