АТГ-аас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хэлтсийн дарга, хоёр мэргэжилтнийг энэ сарын 6-ны 04:00 цагийн үед “Чингис хаан”Олон улсын нисэх онгоцны буудлаас баривчилжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд, сайд дарга нар их хэмжээний зээлийг бага хүүтэйгээр, албан тушаал эрх мэдэл, танил талаа ашиглан авсан байж болзошгүй асуудал ил гарсан. Үүнтэй холбоотойгоор АТГ-аас дээрх асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Одоогоор ХХААХҮ-ийн Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат, тус сангийн захирал С.Төгсбилэг нарын дөрвөн хүнийг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулан шалгаж байгаа. Харин өчигдөр тус сангийн Зээл төслийн хэлтсийн дарга болон хоёр мэргэжилтнийг нь Турк улсад ажлаар явж байгаад ирэх үед нь саатуулсан” гэв. Өөр эх сурвалжийн хэлж буйгаар Турк улсын “ТИКА” төслийнхөн тус яамтай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Үүний хүрээнд өнгөрсөн сарын 30-наас ХХААХҮЯ-ны Гадаад харилцааны мэргэжилтэн, Зээл төслийн хэлтсийн дарга, өөр нэг мэргэжилтэн Турк улсад очиж ажилласан байна. Ингээд эргэж ирэх үед нь АТГ-аас Нийслэлийн прокурорын зөвшөөрөлтэйгөөр тэднийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас баривчилсан байна.
АТГ-ын эх сурвалж “ХХААХҮ-ийн Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат, тус сангийн захирал С.Төгсбилэг нарын дөрвөн хүнийг саатуулан шалгаж байгаа. Тэд УИХ-ын гишүүд, төрийн агентлаг, дарга нарын холбоотой компаниудад зээл өгөх болсон талаар ноцтой гэж хэлж болохоор мэдүүлэг өгч эхэлсэн. Тэд “Бидэнд зээл олгох асуудалтай холбоотойгоор олон удаагийн дарамт шахалт ирсэн. Мөн Б.Батзориг сайд үүрэг өгч, компаниудад зээл өг гэж байсан. Энэ тохиолдолд хууль журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлсэн компаниудад зээл олгох боломж байгаагүй” гэх утга бүхий мэдүүлэг өгч эхэлсэн” гэсэн юм. Мөн хэргийг шалгаж байгаа АТГ-ын мөрдөн байцаах хэлтсийнхэн Б.Батзориг сайд ЖДҮХС-гаас нэр бүхий компаниудад зээл өгсөн асуудалтай холбоотой ноцтой хэд хэдэн баримт олсон гэнэ.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажилтнууд сүүлийн үед ажилдаа ирэхгүй байгаа гэнэ. АТГ-аас УИХ-ын гишүүдэд зээл өгсөн асуудалтай холбоотойгоор гэрчийн мэдүүлэг авч байгаа аж. ЖДҮДС-гийн мэргэжилтнүүд сүүлийн үед гадаад улс руу явахаар онгоцны тийз худалдан авах асуудал гарч байна. Энэ нь гэмт хэргийг нуун дарагдуулж, оргон зайлах гэсэн оролдлого байж болзошгүй гэдгийг эх сурвалж онцолж байв.