Бидний амьсгалж буй агаарыг бохирдуулах үндсэн хүчин зүйл бол утаа юм. Агаарын бохирдлын улмаас хүн амын дунд амьсгалын, зүрх судасны өвчин, харшлын эмгэг, нүд, чих хамар хоолойн үрэвсэл,нөхөн үржихүйн эрхтний болон хүүхдийн бие махбодийн өсөлт, хөгжил, физиологийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, дархлалын төвшинг бууруулдаг бөгөөд хүүхэд, өндөр настан, архаг өвчтэй хүмүүс илүү өртдөг.
Иймд утаанаас сэргийлэх дараахь зөвлөмжийг хүргэж байна.
Утаатай орчинд ажиллаж, амрахгүй байхыг аль болох хичээх, онцын шаардлагагүй бол гэрээс гарахгүй байх. Ялангуяа, зүрх судас, амьсгалын замын өвчинтэй, харшлын эмгэгтэй хүмүүс анхаарах хэрэгтэй.
- Зайлшгүй гадуур явах шаардлагатай тохиолдолд амны хаалт (маск)-ыг зүүж хэрэглэх.
- Хувь хүн өдөрт 2 литрээс доошгүй ус, шингэн зүйлийг уух.
- Гэрийн дотоод орчны буюу бичил агаарын чанарыг сайжруулах, бохирдуулахаас сэргийлэх. Үүнд:
- Гэртээ өдөрт хоёроос олон удаа чийгтэй цэвэрлэгээ хийж, гэр доторх агаарыг чийгшүүлэх.
- Оршин суугаа газрынхаа агаарын бохирдлын төлвийг ажиглаж, бохирдол багатай үед орон гэрээ агааржуулах.
- Агаарын шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгчийг ашиглах (Хэт өндөр үр ашигтай агаарын шүүлтүүр - High Efficiency Particulate Air Filter–HEPA Filter бүхий агаар цэвэршүүлэгчийг ашиглах)
- Хүүхдийг гадаа шороон дээр тоглуулахгүй байх, тогтмол гарыг нь угаалгаж занших хэрэгтэй. Агаарт дэгдсэн хорт нэгдэл хөрсөнд бууж улмаар хүүхдүүдийн гараар дамжин тэднийг хордуулах эрсдэлтэйг анхаарна уу.
- Чийрэгжүүлэлт,биеийн дархлааг дэмжих, эсэргүүцлийг сайжруулахад анхаарах. Үүнд:
- Ажил амралтаа зөв зохицуулан, сайн унтаж амрах.
- Шим тэжээл сайтай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх.(сүү, цагаан идээ болон эрдэс, амин дэм агуулсан жимс, хүнсний ногоо хүнсэндээ хэрэглэх нь эрүүл мэндэд тустай)
- Уламжлалт аргаар бүрсэн тараг хэрэглэх нь хордлого тайлах, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, хоол хүнснээс авах хэрэгцээт шимт тэжээлт бодисыг биед гүйцэд шингээж өгнө.
- Идэвхтэй амрах, хөдөлгөөнийг эрхэмлэх, спортоор хичээллэх, амралтын өдрүүдэд цэвэр агаарт гарах, явган явах, ууланд авирах гэх мэт.