Авлигатай тэмцэх газрынхан өчигдөр Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын гэрт нэгжлэг хийсэн. Түүнийг Улсын ерөнхий прокуророор ажиллаж байх үедээ “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг дарамталж, 4 сая ам.долларыг авсан гэх хэрэгт буруутган шалгах болсон юм. Улмаар түүнийг дүү Д.Баатарынх нь хамт цагдан хорьсон болохыг эх сурвалж мэдээллээ. Д.Дорлигжав, Д.Баатар нарыг өнөө өглөө 04.00 цагт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон байна.
"Алтандорнод Монгол" компанийн захирал Т.Ганболд нь өнгөрсөн сард телевизэд өгсөн ярилцлагадаа, "Ерөнхий прокурор байсан Д.Дорлигжав дөрвөн сая ам.доллар надаас нэхсэн. Дээрх мөнгийг нь Д.Дорлигжавын төрсөн дүү болох Д.Баатарын данс руу шилжүүлмэгц намайг сулласан” гэв.
Харин тэрбээр уг мэдээллийг үгүйсгэж, "Тэр мөнгийг миний дүүгийн данс руу андуурч хийсэн. Дараа нь тэр мөнгөө татсан байна лээ" гэсэн хариултыг өгчээ.
Харин дараа нь Т.Ганболд, "Голомт банкыг дарамталж байгаад андуурч хийсэн гэх тайлбартай бичиг хийлгэсэн" гэж тайлбарлажээ.
АТГ-аас Д.Дорлигжавыг дүүтэй нь дээрх үйлдэлтэй нь холбогдуулан байцаан шийтгэх ажиллагаа эхлүүлсэн гэдгээ мэдэгдсэн.
Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг цагдан хорьсон хэдий ч энэ нь түүнийг гэмт хэрэгт буруутай гэсэн үг биш юм. Хуулийн байгууллага тодорхой шалтгааныг үндэслэн шалгаж байна гэж эх сурвалж мэдээлж байна.
Хуульд зааснаар шүүхийн шийдвэргүйгээр 72 цагаас илүү баривчлах боломжгүй. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд багтааж АТГ цагдан хорих саналаа нийслэлийн прокурорт хүргүүлж, прокурорын хүсэлтийг харьяалах шүүхэр хэлэлцэх ёстой. Хэрвээ шүүхээс "Цагдан хорих шаардлагагүй" гэж үзвэл гадуур байцаах бас боломжтой.