Хууль бусаар солонгост ажиллаж буй иргэдэд өршөөл үзүүлнэ
1 сарын 15, 2019

БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Цагаачлалын албанаас 2018 оны 10 дугаар сарын 1-нээс 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл оршин суух хугацааг хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдэд өршөөлийн аян өрнүүлж байна.

Сайн дураар нутаг буцах аянд хамрагдах давуу тал:

Визний хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугч гадаадын иргэд БНСУ-ын хилээр орж ирэх хоригоос чөлөөлнө.

Хууль бусаар оршин сууж байсан гадаадын иргэн ба ажил олгогчид хүлээлгэх хуулийн хариуцлагаас чөлөөлнө.

Түр саатуулах байранд хорихгүйгээр чөлөөтэй хилээр буцаана.

Эх орондоо буцсаны дараа БНСУ-ын ЭСЯ-наас холбогдох визийг журмын дагуу авч дахин тус улсад ирэх боломжтой. /Өөр хүний бичиг баримтаар орж ирсэн иргэдэд энэхүү өршөөл үйлчилнэ. Харин гэмт хэрэгт холбогдсон гадаадын иргэдэд өршөөл үйлчлэхгүй/

  • Дээр дурьдсан хөнгөлөлт үзүүлэх аяны хажуугаар баривчилгаа, шалгалтын ажиллагааг идэвхжүүлэх бөгөөд баригдсан гадаадын иргэдийг албадан гаргаж, БНСУ-д дахин нэвтрэх эрхийг нь 10 жил хүртэл хязгаарлах арга хэмжээ авна.
  • Хууль бусаар оршин суугч гадаадын иргэдэд ажил олгосон болон зуучилсан аж ахуйн нэгжүүд, хувь иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс гадна торгуульногдуулах, үйл ажиллагааг зогсоох хүртэл хатуу арга хэмжээ авна.
  • Визийн хугацаа хэтрээгүй ч хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн /оюутан, дагалдан оршин суугч г.м/ тохиолдолд албадан нутаг буцаана.
  • Хэрхэн сайн дураар эх орондоо буцах вэ?

  • Сайн дураар буцаж буй гадаадын иргэн нь тухайн өдрийн буцах онгоцны тийз, гадаад паспорт болон аялал жуулчлалын баримт бичигтэй цагаачлалын албанд хандан сайн дураар эх орондоо буцаж буй талаарх мэдүүлгээ өгсний дараа эх орондоо буцах боломжтой болно.
  • Өөр хүний гадаад паспортаар Солонгост ирсэн зэрэг баримт бичгийн зөрчилтэй иргэдийн мэдүүлгийг шалгахад цаг орж байгаа тул эх орондоо буцахаас 3 хоногийн өмнө нисэх буудал болон цагаачлалын албатай урьдчилан холбоо барих хэрэгтэй.
  • Бусад дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад иргэдийн мэдээллийн нэгдсэн лавлах болох 1345, мөн цагаачлалын албаны бусад бүх газар нэгжээс тодруулах боломжтой.