М.Отгон: Хамгийн сайхан амьдрал хөдөө л байна
1 сарын 28, 2019

“Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн ажил үйлсээрээ шалгаран “Аймгийн аварга саальчин” гурав төрсний нэг нь Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн саальчин Маналын Отгон юм. Түүний шагналыг аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Нарангарав болон сум, багийн удирдлагууд гардуулан өглөө.


“Үүртийн тохой” хэмээх үзэсгэлэнт байгалийг түшиглэн халуун хошуут малаа маллахын зэрэгцээ жуулчид, аялагчдыг хүлээн авч амраан, сүү цагаан идээгээ борлуулдаг ажилсаг саальчиндаа болон түүний гэр бүл П.Даваадоржид баяр хүргэе.


“Өнгөрсөн зун зуншлага сайхан байсан болохоор цагаан идээгээ гайгүй сайн базааж авсан. Гурван тонн аарцаар ааруул тавьсан ч жуулчдад борлуулаад дууссан. Өдөрт 100 гаруй литр айраг исгэдэг, хүн ихтэй болохоор өдөртөө л дуусна. Жилд 200 орчим хүн хүлээн авч амраадаг. Рашаан усны дэргэд ойрхон болохоор хүмүүс урт хугацаагаар амардаг юм” хэмээн өгүүлж буй аварга саальчин маань ааруул, хуруудаа орчин үеийн хэв загварт оруулахыг хүсдэггүй, уламжлалт аргаараа хийдэг гэнэ. Учир нь амрагчид өнгө будаг, чихэртэй гэхээс илүү зузаан зүсэж хатаасан ааруул худалдаж авдаг аж.


Тэднийх 670 гаруй толгой малтай, дөрвөн хошуу малнаасаа адууг онцлон малладаг, дөрвөн азарга адуутай айл юм. М.Отгон хотод, сумын төвд амьдарч үзсэн ч хамгийн сайхан амьдрал хөдөөд л байна гэлээ. 1993 оноос сааль, сүүтэй “ноцолдож” эхэлсэн түүнд хадам ээж Н.Пунсал нь их тусалж, зааж сургадаг гэнэ. Н.Пунсал “Сумын аваргаар 4, аймгийн аваргаар 2 удаа шалгарч байсан, нэгдэл тараагүй бол илүү л амжилт үзүүлэх байлаа” хэмээн хуучлав. Бэрдээ “Цагаан идээгээ цэвэрхэн, нямбай хий” гэж захидаг учраас М.Отгон ч цагаан идээгээ чанартай, эрүүл мэндэд зохистой байлгахыг хичээдэг гэв.