Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байдаг Салхитын мөнгөний ордтой холбоотой авлигын хэрэг мандсан.Өнгөрсөн намар АТГ-т шалгагдаж байгаа сэжигтний гэрээс их хэмжээний буюу 1.3 сая ам.доллар бэлнээр олдсон. Дараа нь 2019 он гарахаас хоёрхон хоногийн өмнө Засгийн газар, тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Салхитын ордод тусгай ажиллагаа зохион байгуулж, тус ордын лицензийг цуцалсан. Улмаар 2019 оны гуравдугаар сарын дундуур хуульч Б гэх эмэгтэй ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг гарсан нь энэ ордыг тойрсон авлигын хэрэгтэй холбоотой болж таарав.
Салхитын ордыг худалдчихаад буцааж авсан түүх
Энэ бүх явдлаас бүр “эрт урьдын цагт” болсон нэгэн түүхийг эхлээд сануулъя. Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан гэдэг хадам, хүргэн хоёр 2010 онд “Жи Пи Эф” гэх 1.0 сая төгрөгний дүрмийн сантай, ганц компьютер, принтер зэрэг ойр зуурын хөрөнгөтэй компани байгуулжээ. Тэд 2012 онд уул уурхайн Х буюу хайгуулын лицензтэй Салхитын мөнгөний ордыг компанийнхаа хамт бусдад 800 мянган ам.доллараар худалдсан байдаг. Худалдаж авсан нь “Си Си Эм Икс” гэдэг компани. Тус компани хайгуулын талбайд ажиллаж, лицензийн ашиглалтын буюу А болгоод тун чиг аятайхан ажиллаж байтал Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан хоёр гэнэт гарч ирээд компанийг, уурхайтай нь булаацалдаж эхэлсэн байгаа юм.Гэхдээ мань хоёр хоёулхнаа биш “Си Си Эм Икс”-ийг Монголд төлөөлөн удирдаж байсан Чен Бангфа гэдэг нөхөртэй нийлсэн байна. Товчхондоо Чен Бангфа нь “Жи Пи Эф”-ийг, Салхитын ордын лицензтэй нь хамт БНХАУ-д байгаа хөрөнгө оруулагчаас нь авах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нар ийн хөрөнгө оруулагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Чен Бангфа-г элсүүлээд, улмаар хууль шүүхийн байгууллагын нэр бүхий хүмүүстэй нийлж, арга заль зохиож байгаад буцааж авах ажиллагааг 2015 оноос хойш хийж эхэлжээ. Ингэхдээ Ш.Мөнгөншагай хүргэн Г.Жаргалантайгаа 2012 оноос хойш холбоо тасарч, 2015 онд гэнэт компаниа яаж байгаа бол гээд үзтэл зарчихсан байсныг нь олж мэдсэн гээд Захиргааны шүүх, Иргэний шүүхээр заргалдаж эхэлсэн тухай нийтэлсэн. Ийм байдлаар шат шатны шүүхээс “…Ш.Мөнгөншагай энэ компанийг зараагүй юм байна. Өөрөө мэдээгүй байжээ” гэсэн шийдвэрийг гаргуулчихсан байгаа юм.
Нотариатч М.Саранцэцэг: Ш.Мөнгөншагай өөрөө ирж гэрээг батлуулсан
Тэдний Худалдах,худалдан авах гэрээг баталгаажуулсан нотариатч М.Саранцэцэг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа “...2016 оны 11 сарын 8-ны өдөр өмгөөлөгч Банзрагч гэдэг хүн утсаар холбогдон Мөнгөншагай гэдэг хүний нэхэмжлэлтэй хэргийн талаар ярьж, түүний нэхэмжлэлийг надал танилцуулсан. Уг нэхэмжлэлд дурьдсанаар Ш.Мөнгөншагай нь өөрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ байгуулаагүй, ийм гэрээ хийгдсэнийг огт мэдээгүй мэтээр бодит байдлыг дэндүү гуйвуулан бичжээ. Мөнгөншагай, Жаргалан, Отгоо, мөн эрэгтэй, эмэгтэй хятад хүмүүс миний таньдаг Бямбарагчаа гэдэг эмэгтэйн хамт над дээр ирсэн тул бодит байдлыг маш сайн санаж байна.
Г.Жаргалан, Ш.Мөнгөншагай нар нь өөрсдөө биечлэн ирж, “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын гэрээг батлуулсан юм. Уг компани нь 2 хувьцаа эзэмшигчтэй байсан бөгөөд Г.Жаргалан нь 40 хувь, Ш.Мөнгөншагай нь 60 хувийг тус тус эзэмшиж байсан. Хоёулаа өөр өөрсдийн хувьцаагаа бусдад шилжүүлэх хүслтэй байгаагаа илэрхийлээд худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ байгуулж гарын үсэг зурцгаасан. Тэд өөрсдөө миний өрөөнд ирээд, гэрээгээ уншиж танилцаад, хүсэл зоригоо илэрхийлээд ямар нэг татгалзал, дарамт шахалтгүйгээр гарын үсгээ зураад, иргэний үнэмлэхээ өгөөд гэрээний ард талд нь хуулбарлуулан гэрчлүүлж бүртгүүлсэн. Иймд миний хувьд Нотариатын хуулийг зөрчиж хууль бусаар гэрээ гэрчилсэн зүйл байхгүй.
Гэрээний он, сарын тухайд талууд өөрсдөө надаас “Манай компани ямар ч ашиггүй байгаа, хөрөнгө оруулагч олдсон дээр нь бушуухан шилжүүлмээр байна, он сарыг нь урагшлуулах хэрэгтэй байна” хэмээн гуйсан. Хамгийн гол нь гэрээ байгуулах үед талууд бүгдээрээ байсан. Гарын үсгээ зурсан, хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн бөгөөд гэрээний агуулга нь яг адил байсан тул он, сарыг өөрчилсөн гэрээн дээр нь би тамга тэмдгээ дарсан. Гэхдээ энэ нь Нотариатын тухай хуулийг зөрчсөн хууль бус үйлдэл биш учир аль аль гэрээ нь хүчин төгөлдөр юм. Г.Жаргалан, Ш.Мөнгөншагай нар компаниа шилжүүлж байх үед хуучин Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль үйлчилж байсан бөгөөд уг хуулиар үнэн хэрэгтээ хувьцаа эзэмшигчдийн буюу үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулахад ямар нэг гэрээ шаардлагагүй байсан. Одоогийн Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулиар хуулийн этгээдийн эрх шилжүүлэхэд “Иргэний хуульд заасан гэрээ” л гэсэн байгаа бөгөөд Иргэний хуулиар энэ төрлийн гэрээг заавал батлуулах, өөрөөр хэлбэл нотариатчаар батлуулж байж хүчин төгөлдөр болох тухай зохицуулалт байхгүй. Иймд заавал батлуулах шаардлагагүй гэрээг талууд өөрсдөө хүссэн тохиолдолд батлуулж болдог. Өөрөөр хэлбэл, гэрээг хэдийд ч байгуулж болно. Түүнийгээ хэдийд ч батлуулж болно.
Иймд дээрх гэрээнүүдийг баталсан миний үйлдэл нь үнэн зөв бөгөөд хууль зөрчсөн зүйл байхгүй болно. Харин Мөнгөншагай, Жаргалан яаж ингэж ичгүүр сонжуургүй худлаа ярьж, бусдыг гүтгэж байгаад үнэхээр гайхаж байна. Хэрвээ үнэхээр шаардлагатай бол би шүүх дээр энэ хүмүүстэй нүүрэлдүүлэн байцаалт өгч болно” гэсэн байдаг байна. Нотариатч нь ингэж баталсан ч шүүхийн шинжээч нар “Ш.Мөнгөншагайгийн гарын үсэг биш байна” гэсэн дүгнэлтийг гаргаж, шат шатны шүүх түүнийг нь барьж шийдсэн байдаг.
Гэсэн ч Салхитын орд буцаад Ш.Мөнгөншагай нарт очиж, одоо дуулиан шуугиан үүсгээд байгаа онц их хэмжээний авлигын хэрэг мандах үндэс болсон байна.
Буцааж авсан Салхитын ордыг авлигын “объект” болгосон түүх
Хорин 461 дүгээр ангид амиа алдсан хуульч Б-тай хамт хоригдсон хамт Ш.Мөнгөншагай, Ц.Өнөрцэцэг, С.Оюунбат, Д.Баттулга нарыг Салхитын ордтой холбоотой байсныг сүүлд нь эх сурвалжууд мэдээлсэн юм.
Тэдний нэг Ш.Мөнгөншагай нь өнгөрсөн жилийн улсын наадмын их насны түрүү морины уяач юм. Тэрээр Салхитын мөнгөний ордын гурван лицензийг “Жи Пи Эф ” компанитайгаа 2012 онд БНХАУ-ын иргэдийн эзэмшилтэй “Си Си Эм Икс” ХХК-д 2.0 тэрбум орчим төгрөгөөр худалдсан. Түүнээс лицензийг худалдаж авсан Чен Бангфа 2015 онд эх орон нэгт хөрөнгө оруулагчтайгаа муудалцаж, гүйцэтгэх захирлын албан тушаалаас халагдсан. Учир нь Чен Бангфа, Ш.Мөнгөншагай хоёр нийлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ талаар доор дэлгэрүүлэн хүргэнэ.Ш.Мөнгөншагай “...2012 онд Жи Пи Эф” компанийг зарах гэрээнд 60 хувийн хувьцаа эзэмшигч би гарын үсэг зураагүй. Миний гарын үсгийг хуурамчаар зурсан “ гэсэн үндэслэлээр шүүхэдсээр “Жи Пи Эф” компанийг 2017 онд лицензийн хамт буцааж авсан. Улмаар “Амин билигт” ХХК-д шилжүүлж авсан байдаг. Ингэхдээ шүүх, хууль хяналтын байгууллагынханд асар их авлигал өгсөн байх магадлалтай гэж үзээд түүнийг шалгаж байгаа юм. Мөн “Жи Пи Эф” компанийг Ш.Мөнгөншагайтай хамтран эзэмшиж байсан хүргэн дүү Г.Жаргалангийн гэрээс мөрдөн байцаагчид 1.3 сая доллар бэлнээр хураан авсан билээ. Ц.Өнөрцэцэг нь 2012 онд Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нарыг “Жи Пи Эф” компаниа БНХАУ-ын иргэн Чен Бангфа-д зарахад зуучилсан хүмүүсийн нэг юм. Салхитын ордыг зарсны төлбөр болох 800 мянган ам.долларыг Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нар Ц.Өнөрцэцэгийн дансаар дамжуулан хэд хэдэн удаагийн шилжүүлгээр авсан байдаг .Чен Бангфа-г Салхитын мөнгөний ордын гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед Ц.Өнөрцэцэг “Жи Пи Эф” ХХК-ий гүйцэтгэх захирлын нэрээр Гаалийн төв лаборатори, “Улаанбаатар төмөр зам нийгэмлэг” зэрэгт өөрийн нэрээр албан бичиг явуулж, гарын үсэг зуран БНХАУ-ын Эрээн хотын “Хэн Тун ” худалдааны компанитай хүдэр борлуулах гэрээ байгуулан, Чойр дахь “УБ транс” ХХК-ийн Гаалийн баталгаат талбайд буулгасан мөнгөний хүдрийг худалдан борлуулсан байдаг ч уг орлого хэн рүү орсон нь тодорхойгүй байдаг. Мөн С.Оюунбат гэж Ц.Өнөрцэцэгийн төрсөн хүү Т.Гансүхийн найз хоригдсон. Тэрээр “Жи Пи Эф” ХХК-д Чен Бангфагийн үед ажиллаж байсан. Ш.Мөнгөншагайгаар шүүхэд нэхэмжлэл гаргуулж, “Жи Пи Эф” компанийг Салхитын лицензийн хамт эргүүлэн авсан Чен Бангфа нар “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцаагаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Амин билигт ” ХХК-д шилжүүлж, гүйцэтгэх захирлаар нь С.Оюунбатыг томилсон байдаг юм.
Ш.Мөнгөншагайтай нийлсэн итгэмжлэгдсэн төлөөлөгчөө хөрөнгө оруулагч нь дийлсэнгүй
Уг нь Ш.Мөнгөншагай шүүхэд хандаад эхлэх үед “Си Си Эм Икс”-ийн жинхэнэ эзэн, “Жи Пи Эф”-ийг, лицензтэй нь худалдаж авсан, Салхитын ордын хөрөнгө оруулагч Жин Жиан Мин УМБГ-т ханджээ. Учир нь жолооч нь байсан Чен Бангфа компанийг нь энд ёстой л бужигнуулж өгч байгаа тэр мэдсэн байна. Ингээд Жин Жиан Мин манай улсын Цагдаагийн байгууллагад хандсан байна. УМБГ ч Жин Жиан Миний гомдлын дагуу 2015 оны наймдугаар сарын 17-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэжээ.Гэсэн ч тэр үед хүчийг аваад байсан Ш.Мөнгөншагайтай нийлсэн Чен Бангфа 2015 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр хэргээ хэрэгсэхгүй болгуулж чадсан байна.
Эзнээ хулхидсан Чен Бангфа чухам юу хийсэн талаар тодруулъя. Компанийн эзэн Жин Жиан Мин 2011 оны тавдугаар сард өөрийн ажилладаг “Нинша Шинтай Эрчим Хүч Хурд” компанийн нэрийн өмнөөс Монгол Улсад компани байгуулах, гарын үсэг зурах итгэмжлэлийг 30 хоногийн хугацаатай хийж өгчээ. Энэ дагуу Чен Бангфа “Си Си Эм Икс” ХХК-ийг байгуулжээ. Тиймээс компанийн үйл ажиллагааны зардалд Чен Бангфагийн Голомт банк дахь данс руу 2011 оны тавдугаар сарын 23-нд 20 сая юань шилжүүлсэн байна. 2012 оны дөрөвдүгээр сард “Жи Пи Эф” ХХК-ийг ашигт малтмалын гурван лицензтэй нь авахаар шийдсэн байна. Дараа нь 2013 оны тавдугаар сарын 14-нд 10 сая юань, есдүгээр сарын 23-нд 5.0 сая юань, есдүгээр сарын 25-нд 10 сая юань, арваннэгдүгээр сарын 7-нд 5.0 сая юань, 2014 оны тавдугаар сарын 9-нд 1.0 сая юань, зургадугаар сарын 10-нд 1.0 сая юань, зургадугаар сарын 20-нд 5.0 сая юань тус тус шилжүүлжээ. Ингэсээр нийт 57 сая юань шилжүүлсэн байна. Дээрх мөнгөөр компани худалдаж авч, хайгуулын нэг лицензийг нь А буюу ашиглалтын болгох ажлыг хийж, тоног төхөөрөмж худалдан авахад зориулсан байгаа юм. Улмаар Дундговийн Гурвансайханд Баяжуулах үйлдвэр хүртэл барьжээ. Ингээд компани нь ч үйл ажиллагаа нь жигдэрч, Жин Жиан Миний шилжүүлдэг мөнгө Чен Бангфагийн хувийн дансаар биш компани руу шилждэг болсон байна.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч Чен Бангфа гэж хэн бэ?
Сүүлдээ компанийн санхүү нэг л асуудалтай болоод байсан учир Жин Жиан Мин 2015 оны тавдугаар сараас өөрөө “Жи Пи Эф” ХХК-ийг удирдах болсон байна. Ингээд санхүүгээ шалгахад жолооч нь байсан Чен Бангфа нь Голомт банкинд 15-16 данс нээчихсэн, маш их зарлагын баримт илэрчээ. Мөн хувьдаа LX-570 автомашин, найз хүүхэндээ 161.7 мкв орон сууц худалдаж авсан байв. Түүнчлэн Чен Бангфа “Жи Пи Эф” ХХК-ийг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, захирал гэж энд тэнд өөрийгөө танилцуулж, албан бичиг илгээж, ер нь будилуулчихсан байжээ. Тухайн үед “Жи Пи Эф” ХХК-ийн Монгол талын захирлаар ажиллаж байсан Ц.Өнөрцэцэг “…Чен Бангфа “Жи Пи Эф” ХХК-ийг худалдаж аваад намайг захирлаар ажиллуулсан. 800 мянган ам.долларыг миний данс руу шилжүүлж, би Жаргаланд тэр мөнгийг бэлнээр өгсөн. 2015 онд Жин Жиан Мин ирээд Чен Бангфагаас компанийн тамга тэмдгийг хурааж авсан” гэж ярьсан байдаг. Бас Ш.Мөнгөншагайгийн хүргэн Г.Жаргалан “…2010 онд Ш.Мөнгөншагай бид хоёр “Жи Пи Эф” ХХК-ийг би 40 хувь, Ш.Мөнгөншагай 60 хувийг эзэмших эрхтэйгээр үүсгэн байгуулсан. Тухайн үед компани хайгуулын гурван лицензтэй байсан ба 2012 онд компаниа хайгуулын лицензүүдийнх нь хамт зарахаар болж, 800 мянган ам.доллараар бүх хувьцаагаа Чен Бангфагийн нэр дээр шилжүүлсэн. Сүүлдээ хувь хүний нэр дээр болохгүй юм байна гээд “Си Си Эм Икс” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн” гэжээ. Товчхондоо, ийм л явдал болсон байгаа юм. Үүнээс хойш нэгэн цагт дарга нь явсан Жин Жиан Минд өсөрхсөн Чен Бангфа ямар нэг аргаар дээрх лиценз бүхий “Жи Пи Эф” ХХК-ийг Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нарт буцаан өгүүлэхэд хүчин зүтгэж эхэлсэн байдаг юм байна.
Эзнээ “хулхидсан” итгэмжлэгдсэн төлөөлөгчийг ЦЕГ шалгаж эхэлсэн үү
Хамгийн гол нь Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нараас худалдан авах үед үйл ажиллагаа эхлээгүй, татвар тайлан өгч байгаагүй “Жи Пи Эф” ХХК-ийг Жин Жиан Мин буюу “Си Си Эм Икс” ХХК худалдаж авснаас хойш дээрх маягаар хөрөнгө оруулалт хийж, улмаар Монгол Улсад олон тэрбумын татвар төлж, орон нутагт олон зуун сая төгрөгийн хандив тусламжийг үзүүлжээ. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэхэд л 2014 онд 91.100.000 төгрөг, 2015 онд 1.319.913.602 төгрөг, 2016 онд 4.396.893.516 төгрөг, 2017 онд 700.000.000 төгрөгийг төлжээ. Бусад татварын тухайд 2013 онд 344.675.444 төгрөг, 2014 онд 708.470.908 төгрөг, 2015 онд 2.295.708.626 төгрөг, 2016 онд 5.541.248.601 төгрөг, 2017 онд 912.110.460 төгрөг, нийтдээ 9.802.214.038 төгрөгийн татварыг “Жи Пи Эф” ХХК Монгол Улсад төлсөн байгаа юм. Салхитын мөнгөний ордын нутаг, Дундговь аймаг, тус аймгийн Гурвансайхан суманд “Жи Пи Эф” ХХК-ийн зүгээс хандив тусламжийг хангалттай өгч, хамтран ажилладаг байсн тухай орон нутгийн үе үеийн удирдлагууд ярьдаг байна. “Жи Пи Эф” ХХК хандив болгож 2014 онд 371.943.400 төгрөг, 2016 онд 178.152.000 төгрөг, 2017 онд 130.000.000 төгрөг, нийтдээ 680.095.400 төгрөгийг орон нутагт бэлнээр болон дансаар шилжүүлэн өгч байжээ.
Одоо Жин Жиан Мин өөрийн оруулсан хөрөнгөө нэхэмжилж, итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу нэгэн цагт жолооч нь явсан Чен Бангфа гэгчтэй маргаж байгаа юм байна. Учир нь Ш.Мөнгөншагай нар шүүхийн хүчээр буцааж дээрэмдэж аваад, дараа нь Салхитын ордыг тойрсон авлигын маш ноцтой сүлжээ үүсэн нь илчлэгдсэн. Улмаар Монгол Улсын засаг төр шийдээд лицензийг цуцлан улсын мэдэлд авчихаад байгаа. Харин 2012 онд анх хайгуулын лицензүүдийг худалдаж аваад нэлээд хэмжээний хөрөнгө оруулсан БНХАУ-ын иргэн Жин Жиан Мин өөрийнхөө асуудлыг ярьж эхлээд байгаа аж. Өөрөөр хэлбэл, энэ бүхэн нь Хятадын хоёр хөрөнгө оруулагч Салхитын ордыг булаалдаад байгаа явдал огтоос биш гэсэн үг ажээ. Салхитын ордын хөрөнгө оруулагч, БНХАУ-ын иргэн Жин Жиан Мин хөрөнгө оруулалтаа нотлох бүхий л бичиг баримтыг БНХАУ-ын Нотариатын газар, БНХАУ-ын Гадаад харилцааны яам, Бээжинд суугаа Монгол Улсын ЭСЯ-аар давхар баталгаажуулаад манай улсын ЦЕГ-т ирүүлээд байгаа ажээ.