Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас 6 хүний амь нас эрсдээд байна. Цаашид ч ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга Б.Дуламсүрэн “Өнгөрсөн амралтын өдөр Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгийн нутгаар 18-20 м/сек хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурсан. Салхи зарим үед 24 м/сек хүртэл ширүүссэн. Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Баянхонгор, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутагт малдаа яваад сураггүй алга болсон, автомашинтайгаа яваад цасанд суусан, боогдсон гэсэн 20 гаруй дуудлагаар онцгой байдлын газрын алба хаагчид төр захиргааны байгууллага болон орон нутгийн иргэдтэй хамтран ажилласан. 64 иргэнийг осгож, амь насаа алдахаас авран хамгааллаа. Цасан шуурганы улмаас Өвөрхангай аймгийн Богд суманд хоёр иргэн, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд гурван иргэн, Сэврэй суманд нэг иргэн малынхаа хойноос явж байгаад шуурганд уруудаж осгож нас барсан харамсалтай тохиолдол гарлаа. Мөн Ховд аймгийн Цэцэг, Үенч суманд 12 гэр, 4 модон шон унасан. Төв аймгийн Баяндэлгэр суманд 350 бог бал цасанд дарагдаж хорогдсон гэсэн мэдээтэй байна. Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үзэгдэх орчин хязгаарлагдсан учраас Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгийн сумдын Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөнийг хаан түр хязгаарлах арга хэмжээ авсан.Одоогоор орон нутгийн болон улсын чанартай хаагдсан зам, даваа байхгүй замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа. Цаг уурын байгууллагаас цаашдаа буюу 14-17-нд салхи 14-16 м/сек хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна гэсэн мэдээлэл ирсэн. Тиймээс иргэд анхаарал болгоомжтой байж цаг агаарын нөхцөл байдалдаа тааруулж хувцаслах, хувийн болон автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж замд гарах, малчид малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна” гэв.