Д.Медведевийг ОХУ-ын Засгийн газрын тэргүүнээр улираан томилов
5 сарын 9, 2018

ОХУ-ын Төрийн Думын депутатуудын олонхийн саналаар Дмитрий Медведевийг Оросын шинэ Засгийн газрын тэргүүний албан тушаалд томилжээ. Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа Дмитрий Медведевийг дахин Ерөнхий сайдаар томилох тухай саналыг Төрийн Думд өргөн мэдүүлсэн байна. Өнгөрсөн мягмар гаригийн орой ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дмитрий Медведевийг шинэ Засгийн газрын тэргүүнээр томилох тухай зарлигт гарын үсэг зуржээ. 

Өчигдөр явуулсан санал хураалтад Оросын парламентын доод танхим буюу Төрийн Думын 430 депутат оролцсоноос 374 нь Дмитрий Медведевийг дахин Ерөнхий сайдаар томилохыг дэмжиж, 56 нь эсэргүүцсэн байна. Нийт 450 суудалтай тус танхимд Оросын эрх баригч “Нэгдсэн Орос нам” 339 суудалтай юм.

Эдүгээ 52 настай Дмитрий Медведев “Нэгдсэн Орос нам”-ын даргын албан тушаал хашдаг. Тэрбээр 2012 онд тус улсын Засгийн газрын тэргүүнээр томилогдож байв.

А.ДЭЛГЭР