Энэ сарын эхээр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 54 настай О, найман настай хүү Б-ийн хамт баавгайд бариулсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл тус сумын Бугант тосгоны Цагаантохой гэх газарт баавгаа орж ирж, айлын гэрт халджээ.
Энэ талаар Ерөө сумын иргэн Ш.Саулегул “Хадлангаа бэлтгэхдээ өвөлжөөндөө
нэг гэрээ барьсан юм. Ингээд гэрээ шалгах санаатай очсон чинь баавгай ороод
хамаг юмыг бусниулсан байсан. Бид айгаад дотогш орж чадаагүй л дээ. Харин
малчин маань гэрийн дотор талыг очиж харсан юм билээ. Авах юмгүй болгосон
гэсэн. Гал тогооны шүүгээг тэр чигт нь эвдэлж, хугалсан. Дотор байсан тогоо
хүртэл гэрийн гадна талд гарсан дүр зурагтай байсан” хэмээн ярьсан юм.
Тэдний өвөлжөө Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас 18 км, Бугант тосгоноос 50 гаруй
километрийн зайтай аж. “Гэрт маань баавгай орсноос хойш хоёр хоногийн дараа
дараалан арын айлуудад орсон юм билээ. Нэг айлын эсгий гэр, нөгөө айлын байшинд
орсон гэсэн. Байшин руу орохдоо цонхыг нь хагалсан гэцгээж байна лээ. Азаар
хүйтэрч амжаагүй болохоор өвөлжөөндөө буугаагүй байсан. Мөн хоёр хоногийн өмнө
л гэхэд Бугантаас гурван километрийн зайд байх Ферм гэдэг газарт айлын
байшингийн цонхыг нь хагалж ороод хамаг хоол хүнс, гурил будааг нь онгичиж
хаясан байна гэсэн. Тэр айл Бугантаас 2-3 километрт л байдаг. Тэгэхээр бараг
төвдөө гэсэн үг шүү дээ” хэмээсэн.
Дээрх тохиолдлуудаас гадна Сэлэнгэ аймгийн Жавхлант, Хүдэр, Ерөө,
Алтанбулаг зэрэг сумын нутаг дэвсгэрт хэд хэдэн удаа баавгай орж ирсэнтэй
холбоотойгоор бэлэн байдал зарлаад байгаа юм.