Японд 9700 орчим Монгол иргэн байдаг ч хар салхинд өртөөгүй
10 сарын 14, 2019


2019 оны аравдугаар сарын 12-ны өдөр  Япон Улсын төвийн бүс, Токио хот, Канагава, Точиги, Гүнма, Иватэ, Мияги, Фүкүшима, Чиба, Сайтама, Нагано зэрэг мужуудын нутаг дэвсгэрийг "Хагибис" 19 дэх хар салхи дайран өнгөрөхөд Монгол Улсын өртөөгүй гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдэгдлээ. Тодруулбал,  Япон улсад манай улсын 9700 гаруй иргэн оршин суудаг бөгөөд одоогоор монгол иргэн өртсөн гэх мэдээлэл байхгүй гэв.

Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр энэхүү хар салхи нь сүүлийн 25 жил тохиолдож байгаагүй хүчтэй хар салхи байв. Орон нутгийн засаг захиргаа Токио зэрэг төвийн 12 мужид аюулын хамгийн дээд буюу улаан түвшинг зарлажээ. Дээр дурдсан мужуудад 14-ний өдрийн 16:16 цагийн байдлаар 43 хүн амь насаа алдаж, 16 хүн сураггүй болж, 202 хүн гэмтэж бэртсэн хэмээн NHK мэдээлэв.