"Өмгөөллийн Номун түншлэл" ХХК-ийг үүсгэн байгуулагч, хуульч, өмгөөлөгч А.Түвшинтөгстэй ярилцлаа.
-Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Шинжээч хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл заалтыг тайлбарлаж шинжээчийн дүгнэлт гаргаж уу?, энэ талаар хууль хэрхэн зохицуулсан бэ?
-Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталсан. Үүнээс өмнө 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан шүүхийн шинжилгээний тухай хууль хэрэгжиж байсан. Энэхүү хуулийн шинэчилсэн найруулга нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Хуулийн төсөл хэлэлцэх шатанд шинжээчид хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, заалт, хэсэг зэргийг тайлбарлах байдлаар дүгнэлт гаргаж байгаа практик байгаа талаар өмгөөлөгчид болон холбогдох мэргэжилтэн, судлаачид хэлж байсан. Ялангуяа хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт хууль тогтоомжийн хэрэглээ, зүйл, хэсэг, заалтыг тайлбарлаж дүгнэлт гаргаж байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэ найруулгаар энэ практик асуудлыг шийдвэрлэх зорилгоор хэд хэдэн зохицуулалт оруулж өгсөн. Тухайлбал: Шүүх шинжилгээний тухай хуулийн 19.1.9-д “хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан бол” шинжээчийн дүгнэлт гаргахаас татгалзах талаар тодорхой тусгаж өгсөн.
-Шинжээч хууль тогтоомжийг тайлбарлаж дүгнэлт гаргах нь тусгай мэдлэгт хамаарах уу?
Шүүх шинжилгээний тухай хуулийн нэр томьёоны тодорхойлох хэсэгт энэ талаар их тодорхой заасан. Тухайлбал: "тусгай мэдлэг" гэж хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай шинжлэх ухаан, техник технологи, урлаг, түүх, соёл, эдийн засгийн болон бусад тодорхой салбарын мэдлэгийг ойлгоно. Хууль тогтоомжийг тайлбарлах, түүний зүйл, заалт, хэсгийг тайлбарлах нь шинжээчийн тусгай мэдлэгийн ажил биш. Харин шүүх хууль тогтоомжийг хэрэглэх, тайлбарлах эрх хэмжээг хэрэгжүүлдэг. Тиймээс шинжээч нь энэхүү үйлдлийг хийснээр шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааг гүйцэтгэж байгаагаас ялгаагүй гэсэн үг. Шүүх шинжилгээний тухай хуулийн 19.1.7-д “шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт тодорхойгүй, тавьсан асуултад шинжлэх ухааны арга, хэрэгсэл ашиглан хариулах боломжгүй бол”, мөн хуулийн 19.1.8-д “шинжилгээний цар хүрээ, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, эсхүл тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй бол” шинжээч нь шинжилгээ хийх, шинжээчийн дүгнэлт гаргахаас татгалзах ёстой. Энэхүү заалтуудыг шинжээч хуулийг системчилсэн байдлаар хэрэглэх нь үр дүнтэй юм.
-Энэ зохицуулалт шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгаар анх удаа тусгагдсан зохицуулалт уу? эсхүл өмнө хууль байсан уу?
2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлд шинжилгээ хийх, шинжээчийн дүгнэлт гаргахаас татгалзах асуудлын талаар зохицуулж байсан. Мөн шинжээч тус зүйлд заасан үндэслэлээр татгалзах эрхтэй байхаар хууль тусгагдаж ирсэн. Хуучин хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7-д “шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, эсхүл тавьсан асуултад шинжлэх ухааны арга, хэрэгсэл ашиглан хариулах боломжгүй бол” шинжилгээ хийх, шинжээчийн дүгнэлт гаргахаас татгалзах эрхийг зааж байсан. Гэхдээ энэхүү зохицуулалтыг шинэ хуулийн төсөлтэй харьцуулахад хэрэглээний хувьд онцлог, ялгаа гарч байсан. Учир нь шинжээчийн хувьд тус хуучин хуулийн заалтыг хэрэглэхдээ хуулийн агуулга, зарчмыг зөв тодорхойлж хэрэглэж байгаагүй. Тиймээс шинэ хуулийн төслийг хэлэлцэх шатанд энэ заалтыг оруулахаас гадна хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан бол” шинжээчийн дүгнэлт гаргахаас татгалзах талаар тодорхой зааж өгөхийг ажлыг хэсэг зорьсон. Учир нь практикт шинжээчээр хууль тайлбарлуулах, хууль тогтоомжийн хэрэглээтэй холбоотой асуултуудыг мөрдөгч, прокурор асуух, дүгнэлт нь тусгай мэдлэгт үл хамаарах асуудлуудтай холбоотой гарч байсан тул энэ заалтыг заавал оруулах саналыг гаргаж байсан.
-Эрх бүхий этгээдүүд шинжээчийн дүгнэлт гаргах асуултуудыг боловсруулж, асуудаг. Тэгэхээр эрх бүхий этгээдүүд энэ асуудалд анхаарахгүй байна гэж ойлгох уу?
Тиймээ. Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд гэж гэж мөрдөгч, прокурор, шүүгч, шүүх, арбитр болон зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээдийг ойлгохоор хуульд заасан. Эдгээр эрх бүхий этгээдүүд шинжээчийн дүгнэлт гаргах асуултыг боловсруулдаг. Тус асуултуудын дагуу шинжээч нь тусгай мэдлэгээ ашиглан шинжилгээ хийж, дүгнэлт гаргадаг. Шинжээчээс асууж байгаа асуултууд нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээ хязгаарт хамаарч байх ёстой. Хэрэв тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрч байгаа нөхцөлд шинжээч нь шинжилгээ хийхээс татгалзана. Харин шүүх шинжилгээний тухай хуульд хууль тогтоомжийн хэрэглээ, хуулийн зүйл, заалт, хэсэг тайлбарлахтай холбоотойгоор асуулт асуух нь нэг талаас шинжээчийн татгалзах үйлдлийн нэг байх бол нөгөө талаас эрх бүхий этгээдийн хувьд ч тус асуултыг асуухаас татгалзаж байхыг шаардаж байгаа юм. Тиймээс эрх бүхий этгээдүүд шинжээчээс хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар асуулт асуухаас байнга татгалзаж байх ёстой.
-Шинжээч энэ асуудлаар татгалзсан бол нөлөөллийн мэдүүлэг бөглөж болох уу?
Шүүх шинжилгээний тухай хуульд шинжээчээс хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шийдвэр гаргасан үндэслэл байвал үндэслэлээ тодорхой зааж шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзаж, шинжилгээний хуваарилалтыг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтанд даруй мэдэгдэх талаар заасан. Шинжээч нь тус асуудлаар эрх бүхий этгээдэд удаа дараа хандаж, дүгнэлт гаргах боломжгүй талаар тайлбарласан боловч нөлөөлж, шаардлага хүргүүлсэн нөхцөлд үүнийг шинжээчийн хараат бус байдалд нөлөөлж буй нөлөөлөл гэж үзэх боломжтой. Энэ талаар шүүх шинжилгээний тухай хуульд “шинжээчийг шинжилгээ хийхэд саад учруулсан, хараат бус байдалд нөлөөлсөн, нөлөөлөхийг завдсан тохиолдолд шинжээч нөлөөллийн мэдүүлэг гаргаж, дээд шатны удирдлага, эсхүл холбогдох байгууллагад мэдэгдэх” үүрэгтэй гэж тодорхой зааж өгснийг анхаарч ажиллах ёстой юм.
-Шинжээчээс хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шийдвэр гаргах тохиолдол автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг дээр их гарч байгаа юу?
МУ-ын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгсийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих тухай тусгасан. Энэхүү зохицуулалтад хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны актыг хэрэглэх тухай тусгасан. Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн гаргасан захиргааны актад хамаардаг. Иймээс тус хэргийг мөрдөн шалгах явцад мөрдөгч, прокурорын зүгээс замын хөдөлгөөний дүрмийн зохицуулалттай холбоо хамааралтайгаар шинжээчээс хууль тогтоомжийн хэрэглээ, түүний зүйл, заалт, хэсгийг тайлбарлуулахаар шийдвэр гаргах тохиолдол гарч байна. Энэхүү эрх бүхий этгээдийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дэх зүйлийн 6 дахь хэсэгт “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж буй хууль бус үйлдэл болдог. Тиймээс энэ асуудалд мөрдөгч, прокурор, бусад эрх бүхий этгээдүүд нь шинжээчээс хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл хэсэг, заалтыг тайлбарлуулахаар асуулт асууж, шинжээч томилохгүй байхад анхаарч ажиллах шаардлагатай байна.