Дархан-Улаанбаатарын авто замын засварын ажлын явц ямар
байгаа талаар “Зам, тээврийн хөгжлийн
яам”-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга
Х.Оргил-Эрдэнээс тодрууллаа. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр
Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр эгнээ замыг шинэчилж байгаа юм.
Тэрбээр ярихдаа “Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11
километр замын засварын шинэчлэлтийн ажил зургадугаар сарын 19-нд эхэлсэн. Зам
засварын ажлыг таван хэсэгт хуваан гүйцэтгэж байгаа. Өнөөдрийн байдлаар
нэгдүгээр багц дээр аспальтан хучилт, хоёр, дөрөв дээр өргөсгөлт, гурав, тав
дээр цементээр бэхжүүлсэн суурийг хийж байна. Олон улсын санхүүжилтээр хийж
байгаа учир зам засварын ажилд Энэтхэгийн ICT компани өдөр бүр хяналт тавьж
байна. Төсөл нэг жилийн хугацаатай үргэлжилнэ. Одоо хийж байгаа ажлуудаа
дуусгаад, ухсан нүх болон бусад зүйлсээ
цэгцэлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаад, ирэх сарын 1 гэхэд замыг нээнэ”
гэв.
- Нэгдүгээр багц: Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар
мотод давааны ар хүртэлх 37.26 км авто зам
- Хоёрдугаар багц: Хар модот давааны араас Урьхан хүртэлх
45.5 км авто зам
- Гуравдугаар багц: Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх
45.74 км авто зам
- Дөрөвдүгээр багц: Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий
хүртэлх 45.08 км авто зам
- Тавдугаар багц: Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог
уулзвар хүртэлх 30.53 км авто зам