“Warner Bros”-ийн “Joker” кино нээлтээ хийсэн цагаасаа хойш өмнөх кинонуудын амжилтыг эвдэж кино багийн халаасыг зузаалсаар байна. Гэвч тус кино зарим нэгнийх нь орлогыг багасгах, ажил мэргэжилдээ хандах хандлагыг өөрчилж буй гэнэ. Тухайлбал уг кино гарснаас хойш алиалагч нарын эрэлт эрс багассан гэнэ. Эцэг эхчүүд хүүхдийнхээ төрсөн өдрөөр хүүхдүүдээ хөгжөөхийн тулд алиалагч нарыг урихаа больсон аж. Энэ талаар циркийн алиалагч нар "Бидэнд бараг л ажил олдохоо больсон. Кино хүмүүст хэтэрхий их хүрсэн бололтой. Биднийг хүүхэд насныхаа гэнэн цагаан баатар биш айдас хүйдэс дагуулсан дүр гэж үзэх болсон" хэмээн ярьжээ. Мөн олон улсын алиалагч нарын холбоо ч уг асуудлаар эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Алиалагчаас айх айдсыг
1980 оны үед "Кулрофобиа" хэмээн нэрлэсэн байдаг. Кулро гэдэг нь
эртний Грекээр "модон хөл" гэсэн утгатай үг аж. Хүмүүс яг хүн шиг алхдаг, явдаг, гадна
талаасаа харагддаг, ялангуяа ямар нэг царай төрхтэй биетүүдэд тун таагүй
ханддаг хэмээн тайлбарладаг онол бий. Хэдий алиалагчид бидэнтэй л адил хүмүүс ч
гэлээ, хүнд эвгүй сэтгэгдэл төрүүлэхүйц нүүр будалт, дүр төрхийг үүсгэдэг нь
айдас үүсэх гол шалтгаан болдог юм
байна.