Ц.Нямдорж: Хүсэлт ирүүлж болох ч хуралдаан хойшлох эсэхийг Н.Номтойбаяр мэддэггүй юм
1 сарын 21, 2020

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос Их хуралд хүргүүлсэн билээ. Энэ дагуу УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдах ёстой ч таван гишүүний нэг нь гадаадад томилолттой яваа тул тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа билээ.

Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тус дэд хороонд хандан асуудлыг нээлттэй хэлэлцэх, хуулийн байгууллагын удирдлагуудыг оролцуулах зэрэг хүсэлт гаргасан юм.

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хэзээ хуралдах, Н.Номтойбаярын гишүүнийг хүсэлтээр нээлттэй хуралдах эсэхийг тус дэд хорооны дарга Ц.Нямдоржоос тодрууллаа.

Тэрбээр "Энэ долоо хоногт энэ асуудал шийдэгдэнэ. Хүсэлт ирүүлж болох ч хуралдаан хойшлох эсэхийг Н.Номтойбаяр мэддэггүй юм. Дэд хорооны хуралдааныг нээлттэй явуулах боломжгүй. УЕП-оос нууцын зэрэглэлтэй бичиг ирүүлсэн учраас. Н.Номтойбаярын хэлсэн болгоноор явна гэж байхгүй. Байнгын хороо, УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг шийднэ.

Сайд байхдаа хийсэн ажилтай нь холбогдолтой нөгөө нь ордонд болсон явдалтай холбоотой худал мэдүүлэг өгсөн, гурав дахь нь хэвлэлд мэдээлэл өгсөн гэдэг үндэслэлээр УЕП-оос санал ирүүлсэн.

УЕП-ын саналын УИХ 48 цагийн дотор шийднэ гэдэг хуультай. Прокуророос энэ асуудлыг тавихдаа Их хурал, байнгын хороодын ирц бүрэн байна уу үгүй юу гэдгийг анхаарах ёстой. Прокурорын талаас яаруу, адгасан байдал байсан. Үүнээс болж 48 цаг өнгөрлөө, хууль зөрчлөө гэдэг зүйл бий болоод байна" гэлээ.

Мөн энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайдаас гадаадад казинод тоглосон гэгдээд буй УИХ-ын гишүүдийн талаар ямар байр суурьтай байгааг нь лавлахад "Юу яриад байгаа юм. Тэр асуудалд холбогдсон хүнтэй нь ярихгүй юу. Ороод гардаг л газар шүү дээ. Та нар шал хэрэггүй юмаар хөөцөлдөх юм" гэсэн хариулт өглөө.