Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга Д. Цогтжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа
-Татварын хуулийн шинэчилсэн найруулгыг ирэх оноос хэрэгжүүлэхтэй холбоотойгоор танай алба ямар ажил хийж байна?
-Энэ жил татварын албаны хувьд онцлог жил болж байна. Учир нь УИХ-аар Засгийн газраас өргөн мэдүүлсэн татварын багц хууль буюу ТЕХ, ААНОАТТХ, ХХОАТТХ-ийн шинэчилсэн найруулгыг баталж, ирэх оноос хэрэгжүүлж эхлэхээр боллоо.
Татварын шинэ хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын хүрээнд хуулийг дагаж гарах журмын төслийг боловсруулах, хууль, журмын өөрчлөлтийн талаар татварын албаны албан хаагчид болон татвар төлөгч, иргэн аж ахуйн нэгжүүдэд сургалт, хэлэлцүүлэг хийх, мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулж байна.
Мөн хууль эрх зүйн орчны шинэчлэлийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангахын зэрэгцээ татварын албаны үйл ажиллагааны шинэчлэлийн хүрээнд албан хаагчдаа чадавхижуулах болон Татварын удирлагын нэгдсэн системийг нэвтрүүлэх, техник, технологийн шинэчлэлийг үе шаттайгаар хийж байна.
-Таны бодлоор шинээр хэрэгжүүлэх татварын хууль татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд хэр ээлтэй байх бол
- Юуны түрүүнд татварын багц хууль хэрэгжсэнээр татвар төлөгчийн төлөх татварын хэмжээ буурч, үйл ажиллагааных нь цар хүрээнээс хамааруулан татвар ногдуулах, тайлагнах, төлөх үйл ажиллагааг хялбаршуулахад чиглэсэн “татварын хялбаршуулсан горим”-ыг нэвтрүүлж, татварын тайлан гаргах давтамжийг цөөлж, татварын хувь хэмжээг буруулна.
Энэ нь татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжийн орлогогыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг олгоно гэж харж байна.
Тухайлбал Татварын албаны 2018 оны статистик мэдээлллээс харвал нийт ААНОАТ төлөгчдийн 90 гаруй хувь нь 1.0 хувиар албан татвар төлөх болон төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авах боломжтой болохын зэрэгцээ 25 хувиар татвар төлөх босгыг 6.0 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлснээр 50.0 орчим тэрбум төгрөг татвар төлөгчдөд үлдэнэ.
Мөн иргэд мөн адил “татварын хялбаршуулсан горим”-ыг сонгох боломжтой болохын зэрэгцээ амьдран суух зориулалтаар орон сууцны барилга барьсан, худалдан авсан иргэнд 3.0 сая төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлдэг байсныг 6.0 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн гэх мэт олон зохицуулалт бий.
-Татварын хувь хэмжээг бууруулж, татварын ачааллыг бууруулж байгаа боловч ирэх жилийн төсвийн төсөлд татварын орлогыг өснө хэмээн тооцсон юм билээ. Орлогыг хэрхэн өсөх талаар тодруулахгүй юу?
Энэ онд Татварын алба улс, орон нутгийн төсөвт нийт 5.4 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээр ажиллаж байгаа бол ирэх жил 6.2 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх төслийг Сангийн яамнаас УИХ-д өргөн барьсан.
Хэдийгээр татварын шинэ хууль хэрэгжсэнээр татварын хувь хэмжээ буурч, татварын орлого тодорхой хэмжээгээр буурахаар байгаа боловч татварын хууль эрх зүйн орчны болон татварын албаны шинэчлэлийн бодлогын нөлөөгөөр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа өргөжин, борлуулалтын орлого нэмэгдэж, ашигт ажиллагааны түвшин сайжрахын зэрэгцээ Татварын албанаас татварын суурийг өргөжүүлэн татварт хамрагдалтыг нэмэгдүүлэх замаар татварын орлого нэмэгдэнэ гэж тооцож байна.
Товчхондоо, үйл ажиллагаа эрхлэн орлого олж буй иргэн, аж ахуйн нэгж бүрийг бүртгэлжүүлж, тухайн бизнесийн онцлог цар хүрээ, татвар төлөгчийн зан хандлагад тохирсон татварын талаарх мэдлэг, мэдээллээр ханган, зөвлөгөө үйлчилгээг үзүүлэх замаар хуулийн хэрэгжилтийг хангах болно.
-Хуулийн шинэчлэл хараахан хэрэгжиж эхлээгүй буюу сүүлийн гурван жилийн дүнгээс харахад татварын орлогын хэмжээ тогтмол өсчээ. Үүнд юу нөлөөлсөн бэ?
Сүүлийн жилүүдэд манай улсын эдийн засгийн нөхцөл байдал сайжирч дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өсч түүнийг дагаад татварын орлого нэмэгдэж байна. Макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд сайжирч, экспортын гол нэр төрлийн эрдэс бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ, орлого нэмэгдсэн нь татварын орлого нэмэгдэхэд голлох нөлөөг үзүүлж байна.
Мэдээж татварын албаныхны маань хүчин чармайлт, ялангуяа нийт татвар төлөгчдийн хичээл зүтгэл, үйл ажилагааны үр дүнд төсвийн орлого нэмэгдэж байна. Түүнчлэн 2016 оноос хэрэгжүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилт төсвийн орлогыг бүрдүүлэх, далд эдийн засгийг бууруулахад эерэг нөлөө үзүүлж байна. Тухайлбал, 2016 онд цахим төлбөрийн системд холбогдсон 65 мянган иргэн, аж ахуйн нэгж холбогдож байсан бол өнгөрсөн жил 118 мянга, энэ жил 140 мянга болж нэмэгдсэн. Энэ бол татварын суурь өргөжиж буйн жишээ. Одоо илүү олон бизнес эрхлэгч, ялангуяа хувь хүнийг цахим төлбөрийн системд холбохоор ажиллаж байна.
-Томоохон зах, худалдааны төвүүдийг үйлчлүүлэгчдэд и-баримт олгуулна гэдэг. Энэ ажлын үр дүн төдийлөн харагдахгүй, иргэдэд баримт өгөхгүй хэвээр байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Татварын алба зах худалдааны төвд бизнес эрхэлж буй татвар төлөгчдийг цахим төлбөрийн баримтын системд холбох ажлыг тасралтгүй хэрэгжүүлж байгаагын зэрэгцээ үйл ажиллагааных нь цар хүрээ, онцлогт тохирсон баримт хэвлэх, олгох төхөөрөмжийн олон төрлийн сонголтыг хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран бий болгосон. Тэд заавал кассын болон посс машин авахгүйгээр гар утаснаасаа ч и-баримт олгох технологийг нэвтрүүлсэн.
Тухайн зах, худалдааны төвд худалдан авагчдад төлбөрийн баримт олгодог болгож хэвшүүлэхэд үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгжийн болон зах худалдааны төвийн удирдлага, эздийн оролцоо, нутаг дэвсгэрийн төр захиргааны байгууллагын туслалцаа дэмжлэгтэйгээр хэрэгжих бөгөөд татварын албанаас бүрэн холбох шийдлийг судлан нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Мөн ирэх оноос хэрэгжих аж ахуйн нэжийн болон хувь хүний орлогын албан татварын хуульд татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлагад и-баримтаар баталгаажсан байх, үйл ажилагаа эрхэлж буй иргэн аж ахуйн нэгж цахим төлбөрийн баримтын системд холбогдсон тохиолдолд “татварын хялбаршуулсан горим”-ыг сонгох боломжийг олгоно.
Түүнчлэн зөвхөн зах худалдааны төв ч гэлгүй тодорхой салбараар жишээлбэл Эрүүл мэндийн яамтай хамтран аптек, улсын эмнэлэгийн үйлчилгээнд и-баримт олгож эхэлсэн бөгөөд удахгүй хувийн эмнэлгүүдийг ч цахим төлбөрийн системд хамруулж, үйлчлүүлэгчдэд баримт олгуулахаар ажиллаж байна.
-Зарим иргэн нэмэгдсэн өртгийн албан татвар төлж буйдаа сэтгэл дундуур байдаг. Бараа, үйлчилгээ худалдан авахад 10 хувийн татвар нэмж аван, хоёр хувийг нь буцаан олгож, урамшуулал нэрээр хүмүүсийг татварын дарамтад орууллаа гэдэг. Ер нь манай татварын хувь, хэмжээ бусад орныхтой харьцуулахад ямар байдаг бол?
Татварын дарамт гэж нэрлэхээс илүүтэй дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх татварын хувиар тооцдог татварын ачаалал гэх ойлголт дэлхий нийтэд байдаг. Хөгжингүй улсууд ЭЗХАХБ-ын гишүүн улсуудын татварын ачаалал 34 орчим хувь байгаа бол манай улсын татварын ачаалал 22 хувь буюу дундаж түвшинд байна.
Дэлхийн банкны “Бизнес эрхлэхүй 2019” судалгааны татварын орчны таатай байдлын үнэлгээгээр аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг харьцуулахад Монгол Улс 212 улсаас 61 дүгээр байр буюу бага хувь хэмжээтэй улсын ангилалд орсон байна.
НӨАТ-ын тухайд дэлхийн 160 гаруй орон нэвтрүүлснээс Европын улсуудын дундаж 20 хувь, хөгжингүй орнуудын дундаж 18 хувь байгаа бол манай улсын хувьд 10 хувь байна.
Мөн манай улсын хувьд эцсийн хэрэглэгч, худалдан авагч нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч бөгөөд хуулийн хэрэгжилтэд хяналт тавих боломжийг олгохын зэрэгцээ цахим төлбөрийн баримтын системд холбогдсоноор төлсөн албан татварынх нь 20 хувийг буцаан олгох төлбөрийн баримтаар сугалаанд хамруулдагаараа онцлоготой.
-Техник, технологийн шинэчлэлийн ажлуудаасаа танилцуулахгүй юу?
Татварын алба энэ жил татварын удирдлагын нэгдсэн системийг нэвтрүүлснээр татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжүүд татварын албатай цаг хугацаа, орон зайнаас үл хамааран харилцаж, цахим хэлбэрээр “ажлаа амжуулна” гэсэн үг.
Өөрөөр хэлбэл татварын талаарх бүхий л мэдээлэл, үйлчилгээг цахим хэлбэрээр авч, татвар төлөгчөөр бүртгүүлэх, тайлангаа илгээх, татвараа цахим хэлбэрээр төлөх боломжтой боллоо.
Мөн татвар төлөгчдийн маань хамгийн их хэрэглэгдэг и-баримт аппликейшнийг ашиглан төрийн үйлчилгээг авах, татвараа төлөх, баримт олгоогүй тохиолдолд гомдол гаргах, татварын албанаас авсан арга хэмжээнийх нь талаар хариу мэдэгдэх зэрэг шинэчлэлийг хийлээ.
Техник, технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр татвар төлөгчдийн төдийгүй татварын албаны цаг хугацаа, хөрөнгө мөнгө, үйл ажиллагааны зардлыг хэмнэх нь дамжиггүй.
-Татварын ерөнхий газрын үйл ажиллагаатай холбоотой сүүлийн үеийн мэдээллээсээ хуваалцахаас гадна татвар төлөгчдөд хандаж хэлэх зүйл бий юу?
Татварын алба энэ оны эхний 9 сарын байдлаар улс, орон нутгийн төсөвт 4.2 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн бөгөөд хүлээгдэж буй гүйцэтгэлээр 5.4 тэрбум төгрөгийн орлого оруулах төлөвлөгөөг бүрэн ханган биелүүлэхээр ажиллаж байна.
Мөн татвар төлөгч иргэдийн сонирхлыг татдаг нэг зүйл нь албан татварын буцаан олголт, урамшуулал. Энэ оны эхний 9 сарын байдлаар хувь хүний орлогын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан 63.6 мянган иргэнд 36.9 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын сугалааны урамшуулалд 146.3 мянган иргэнд 7.4 тэрбум төгрөг, албан татварын 20 хувийн буцаан олголтоор 794.0 мянган татвар төлөгчид 121.5 тэрбум төгрөгийг тус тус буцаан олгосон байна.
Үүнээс гадна одоогоор 13.0 орчим иргэн цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн хувийн мэдээлэл нь зөрүүтэй улмаас буцаан олголтоо авч чадаагүй байгаа бөгөөд хувийн мэдээллээ залруулсан тохиолдолд буцаан олголтоо авах бүрэн боломжтой гэдгийг дуулгая.