Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр хаалттай эхэлсэн ч, тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Энэ талаар Баянгол, Хан-Уул, Сонгионхайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах ажилтан Ж.Оюунцэцэг мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Өнөөдөр 9:30 цагт Н.Түвшинбаярт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан эхэлсэн ч, даргалагч шүүгч татгалзан гарах тухай хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хүлээн авч хэргийг дахин хуваарилалтад оруулахаар шийдвэрлэсэн. Шүүх хуралдааны товыг жич зарлахаар хойшлуулж шийдвэрлээд байна" гэлээ.
Мөн тэрбээр "Цахим сүлжээ болон хэвлэлээр шүүгчид нөлөөлөх оролдлогыг удаа дараа хийсэн. Тиймээс шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтлөн Шүүхийн Ерөнхий Зөвлөлд (ШЕЗ) хүргүүлсэн. ШЕЗ-ийн шүүх хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн гэж үзсэн. Одоогоор цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлээд байгаа” хэмээн мэдээлэв.