Өчигдөр Герман улсын засгийн газар “upskirting” буюу эмэгтэй хүний хормойн доороос камераар зураг, дүрс авах үйлдлийг гэмт хэрэгт тооцох хуулийн төслийг дэмжжээ. Техник технологийн хөгжлийг даган бий болсон ийм төрлийн халдлагыг сүүлийн жилүүдэд дэлхийн хэд хэдэн оронд хуулиар хориглох болсон юм. “Эмэгтэй хүний хормойн доороос, эсвэл энгэр заамны дээрээс зураг авах нь хүний хувийн орон зайд халдаж буй гэмт үйлдэл юм. Ингэж авсан зураг дүрснүүд онлайн орчинд тарах, заримдаа арилжааны хэрэгсэл болох нь түгээмэл үзэгдэл болжээ” гэж Германы хууль зүйн сайд Кристин Ламбрехт мэдэгдэлдээ өгүүлжээ.
Одоо шинэ хуулийн төслийг
парламентад өргөн барьж, батлуулах юм байна. Үүнээс гадна шинэ хуулийн төсөлд
нас барсан хүний гэрэл зургийг зөвшөөрөлгүй авч тараахыг гэмт хэрэгт тооцдог
болж, зөрчвөл хоёр хүртэл жил шоронд хорихоор тусгажээ. “Нас барсан хүний
зургийг авч, тараах явдал гэмт хэрэгт тооцогддоггүй байсан. Тэгвэл одоо бид энэ
цоорхойг арилгаж байна. Хайртай дотны хүнээ алдсан хүмүүсийн уй гашууг ийм
замаар нэмэгдүүлэхийг бид хориглох ёстой” гэж Ламбрехт сайд хэлсэн байна. Герман
даяар хормой доороос зураг авах явдлыг хуулиар хориглохыг шаардсан хөдөлгөөн
өрнөж, 100,000 гаруй хүний гарын үсэг цуглуулаад байгаа. Өнгөрсөн тавдугаар
сард Сингапур улс ийм үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор болж, хуулиндаа тусгасан
юм.