Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Оросын Холбооны Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд Михаил Михайлович Котюковтой уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр талын дээд боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Сайд Ё.Баатарбилэг ОХУ-д суралцан төгсөж байгаа монгол оюутнуудын дипломын хавсралтын үнэлгээг Болоны конвенцийн дагуу кредитээр тооцож олгодог болгох, суралцах хугацаанд монгол оюутнуудад тулгардаг зарим хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, ОХУ-ын талаас тавьсан хамтарсан дээд сургууль байгуулах саналыг хоёр талаас судалж, ажил хэрэг болгох зэрэг асуудлыг дэвшүүлж, шийдвэрлэх талаар анхаарч ажиллахаар боллоо.
Мөн Монгол, ОХУ, БНХАУ-ын шинжлэх ухааны байгууллагуудын хүрээнд хамтарсан бүс нутгийн төслийг түүх, соёл, археологийн чиглэлээр хэрэгжүүлэх санаачилга гаргаж байгаагаа илэрхийллээ.
Сайд М.М.Котюков манай талаас тавьсан саналуудыг анхааралтай судлан үзэх, салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд санал нэг байгаагаа илэрхийллээ.