​“Тод Каннам” эмнэлэгтэй холбогдох шүүх хурал энэ сарын 27-нд болно
1 сарын 20, 2020

2019 оны гуравдугаар сарын 26-нд "Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 29 настай эмэгтэй өөх соруулах мэс засал хийлгэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ хэрэгтэй холбогдуулан энэ сарын 14-ний өдөр прокуророос "Тод Каннам" эмнэлгийн ерөнхий эмч Д.Тодномбат болон сувилагч Б.Мөнгөнчимэг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба шүүх хурал энэ сарын 27-нд болохоор товлогджээ.

"Тод каннам" эмнэлэг нь өөх соруулах мэс засал хийх тусгай зөвшөөрөлгүй, стандартын шаардлага хангаагүй нөхцөлд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон байдаг. Хуулийн байгууллагад хэргийг шилжүүлсэн бөгөөд прокуророос тус эмнэлгийн зөвхөн хоёр ажилтныг яллагдагчаар татсан юм.

Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хохирогчийн ар гэрийнхнээс Мэдэгдэл хийсэн юм. Энэ үеэр хохирогчийн аав С.Гүндсамбуу “Тэр хоёр хүний цаана хуулийн этгээд буюу эмнэлгийн захирал Н.Тод-Ням гэж хүн бий. Тэр хүн хуулийн хариуцлага хүлээх ёстой. Хайртай охиноо алдсанаас хойш есөн сар болж байхад огт эмгэнэл илэрхийлээгүй, оршуулгын зардлыг ч гаргаж өгөөгүй. Шүүхийн хэлэлцүүлэг дээр өөдөөс инээсэн. Ингэж тохуурхаж байгаа учир энэ бүхний ард эрх мэдэлтэн байна гэж ойлгож байна. Энэ бүхнийг шүүхийн байгуудага үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэж байна” гэлээ.

Харин хохирогчийн ээж Д.Аюуш “Ганцхан миний охин хохирогч биш юм байна. Өшөө олон хохирогч бид хоёртой холбогдсон. Хамтаръя, нэгдье гэсэн. Энэ эмнэлэг миний охины амийг хохироогоод есөн сар болж байхад ганц удаа гүн эмгэнэл илэрхийлж, уучлал гуйгаагүй. Шүүхийн хэлэлцүүлэг дээр инээгээд л сууж байна. Энэ хүмүүсийн ард том хүн байна гэдэг ойлголт авсан” хэмээв.