Эмч эмнэлгийн ажилчдын төлөөлөл үсээ хусуулж тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байгаагаа мэдэгдлээ
5 сарын 16, 2018

Сүхбаатарын талбай дээр Эрүүл мэндийн салбарын ажил хаялтын суулт үргэлжилж байна.  Тус суултад эрүүл мэндийн ажилтнуудын төлөөллөөс гадна, шинжлэх ухаан, боловсрол гэх мэт зургаан салбарын төлөөлөл оролцож буй. Энэ үеэр зарим эмнэлгийн байгууллагын эмч нар үсээ хусуулж тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байгаагаа мэдэгдлээ. Тэд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын дарга М.Энхболд, БСШУС сайд Ц.Цогзолмаа, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын зурагтай баг зүүж үс хусах үйл явдлыг зохион байгуулав.

Үсээ хусуулсан эмч ажилчдын зарим нь хэлэхдээ,

-Хөдөлмөрийн салбарт насаараа ажиллаж байна. Гэтэл сүүлийн дөрвөн жил цалингүй болж ажил амьдрал зогссон. 60 насны босгон дээр энэхүү суултад нэгдэж үсээ хусуулж байна. Үсээ хусуулах юу ч биш, зүрхээ өгөхөд бэлэн байна.

-Миний үндсэн цалин 430 мянган төгрөг. Түүнийгээ сард хоёр хувааж авдаг гэхээр амьдрал ямар байгаа нь ойлгомжтой.  2018 оны хоёрдугаар улиралд цалингаа 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлагын дагуу энэ суултад нэгдэж байна. Өнөөдөр хүнтэй ээлж солилцож, ажлаа таслахгүй зохицуулаад ирсэн.

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбооны дарга  Б.Мягмар “Цалин нэмэгдүүлэх шаардлагын суулт үргэлжилж байна. Төрийн түшээд бидний суултыг үл тоомсорлож байна. Суултаа үргэлжлүүлж тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ бид удаа дараа сануулсан. МУ-ын ерөнхийлөгчид “Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмжийг тогтоохыг шаардсан эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил хаялтаас өмнөх суулт”-д оролцогчид “Санал хүргүүлэх тухай”, “Зарлиг гаргаж өгөхийг хүсэх тухай” гэсэн хоёр саналаа уламжилсан. Энэ асуудлаар өнөөдөр уулзах гэж байна” гэв.