УИХ-ын гишүүн Н.Учрал тэргүүтэй УИХ-ын гишүүд өнөөдөр Эмийн чанар, хяналтын тогтолцооны талаар “Хянан шалгах түр хороо" байгуулах тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. УИХ-ын гишүүн Н.Учрал "Дотоодын зах зээлд байгаа эм нь өндөр хөгжилтэй орны зах зээл дээр байгаа эмтэй орц найрлагын хувьд ижил боловч үйлчлэлийн хувьд харилцан адилгүй байна гэдэг гомдол, саналыг иргэд илэрхийлсээр байдаг. Тиймээс Их хурлын тухай хуулинд заасны дагуу Эмийн чанар хяналтын тогтолцооны хянан шалгах түр хороог байгуулах тогтоолын төслийг УИХ-ын 21 гишүүн УИХ даргад өргөн мэдүүллээ. 2014 онд Төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг баталсан. Энэ бодлогын хэрэгжилтэд Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн аудит хийсэн. Энэхүү дүгнэлтэд 44 ААН, эм эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэгч 13 тусгай зөвшөөрөлтэй байгууллага байгаагаас 84.1 хувь нь эм үйлдвэрлэлийн зохистой шаардлагыг хангаагүй тул стандартын шаардлага хангаагүй эм үйлдвэрлэх эрсдэлтэй гэж үзсэн. Энэ бол эм үйлдвэрлэх процессд тавигддаг шаардлага. Харин эмийн чанар, сорьц дээр хяналт тавиад үзвэл манай улсын дотоодод үйлдвэрлэж байгаа эмийн 18.6 хувь, импортын эмийн 6.1 хувь нь стандартын шаардлага хангаагүй байна. ЭМДС-аас хөнгөлттэйгөөр олгож байгаа эмийн 10 хувь нь чанаргүй байх эрсдэлтэй гэж үзсэн. Үүнээс дүгнэхэд зах зээлд байгаа эмийн 14 хувь нь стандарт бус, 19 хувь нь бүртгэлгүй байна. 1965 онд байгуулагдсан эм шалгах лаборатори гэж байдаг. Энэ лаборатори 2015 онд өөрчлөн байгуулагдаад МХЕГ-ийн харьяа Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Эмийн хяналтын лаборатори гэсэн нэршилтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Тэгвэл энэ лабораторийн тоног төхөөрөмж нь эвдэрсэн, зарим урвалж байхгүй зэрэг шалтгаантай байна. Гэтэл лаборатори дээр дотоодод үйлдвэрлэж байгаа эм болон импортоор орж ирж буй эмийг хянан шалгаж үзэхэд л ийм тоо гарч байгаа юм. Тэгэхээр энэ лаборатори өөрөө эмийн чанарыг бодитой дүгнэж чадаж байгаа юу гэдэг дээр анхаарах цаг ирсэн. Тийм учраас Эмийн чанар хяналтын тогтолцооны хянан шалгах түр хороо Их хурлын хяналт шалгалтын дагуу шинжээч томилно. Мөн дотоодод үйлдвэрлэж байгаа эм, импортоор орж ирж байгаа эмүүдийг олон улсын лабораторид явуулж сорьцын шалгалт хийлгэнэ. Эмийн үйлдвэрүүд дээр стандарт хангахыг шаардана. Иргэд эх орондоо эм худалдаж аваад байдаг гэтэл үйлчлэл нь 3-4 дахин бага байна. Эхлээд лабораторио сайжруулъя, хяналтаа бодитой болгоё. Тэгээд Их хурлын тогтоолын төслийг санаачилна гэж үзэж байна. Энэ түр хороо Эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжийг сайжруулах ажлын хэсгээс өргөн барих эрүүл мэгдийн салбарын хууль тогтоомжуудыг амьдралд нийцсэн төсөв мөнгөтэй хууль болгоход илүү туслалцаа үзүүлж ажиллана" гэлээ.
Холбоотой мэдээ