СӨХ-ны ард байгаа иргэдийн эрх ашиг хөндөгдөж байна
1 сарын 21, 2020

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Орон сууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байгаа, үүнтэй холбоотойгоор СӨХ-ны эрх зүйн байдал, Нийтийн орон сууцын зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг хүчингүй болгохоор тусгасныг эсэргүүцэж Баянзүрх дүүргийн СӨХ-ны төлөөлөгчид, оршин суугчдын төлөөлөл мэдээлэл хийлээ.

1997 онд анхны сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдахад гэрэлтүүлэггүй подвол, хагархай цонх, эвдэрч хэмхэрсэн шаттай байсан. Тухайн үеэс СӨХ хариуцан авж дундын өмчлөлийн эд зүйлсэд засвар үйлчилгээ ихээр хийсэн.

2003 онд батлагдсан “Сууц өмчлөгдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль”-нд өөрчлөлт оруулж өмнөх хуулийг шинэчлэх гэж байгаа нь СӨХ-ны эрх зүйн байдалд халдаж 17 жил хэрэгжиж буй хуулийг хүчингүй болгож хувийн болон дундын өмчлөлд давхардсан чиг үүргийг мэргэжлийн байгууллагад шилжүүлэх замаар хуулийн этгээдийн эрхгүй гэдэг ч ажил олгогчийн хэмжээнд ажиллах нэгжүүдийг үгүй хийж, тодорхой тооны иргэдийг амьжиргаа залгуулах орлогоос нь салгах болж байна. Орон сууц сайжруулах нэрийн дор “Сууц өмчлөгчдийн холбооны” ард байгаа иргэдийн эрх ашиг хөндөгдөж байна.

БЗД-ийн 18-р хорооны иргэн Чингэрэл: “Сууц өмчлөгчид бол давуу эрхтэй гэтэл сууц өмчлөгчдөөс асуухгүйгээр санал хүсэлтийг сонсохгүйгээр ямар ч судалгаагүй ийм шийдвэрт гаргаж байгааг гайхаж байна” гэлээ

У.МӨНХ-ЭРДЭНЭ