"Бавгар" ХХК-ийн захирал Х.Оюун өчигдөр Цагдаагийн ерөнхий газрын /ЦЕГ/ хурандаа нар оролцсон хахуулийн хэргийн талаар мэдээлэл хийсэн. Тэгвэл өнөөдөр Цагдаагийн ерөнхий газраас цагдаагийн алба хаагч авлига авсан эсэхийг шалгаж, тогтоохоор ажлын хэсэг гарсан талаар тайлбар, мэдээлэл хийлээ.
Хурлын эхэнд ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд мэдээлэл өгөхдөө "Цагдаагийн байгууллагын алба хаагчтай холбоотой мэдээлэл өчигдөр /2020.01.21/ хэвлэл мэдээллийн байгууллагаар цацагдсан. Үүнтэй холбоотойгоор манай байгууллагаас ажлын хэсэг байгуулж, шалгалтын ажлыг хийж байна. Цагдаагийн алба хаагчийн нийгмийн асуудлыг шийдэхээр “Бавгар” гэдэг компанитай цагдаагийн алба хаагчид гэрээ байгуулж, орон сууц бариулахаар болсон. Өнөөдрийн байдлаар нэг корпус нь ашиглалтад орж, нэг корпусын суурийн ажил явж байна.
Хэвлэл мэдээллээр нийтлэгдсэн мэдээлэлтэй холбогдуулан Цагдаа, дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төвийн дарга, хурандаа Б.Цогтбаярыг ажлаас чөлөөлж, сахилга ёс зүй, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар ажиллаж байна” гэв.
"Бавгар" ХХК-ийн захирал Х.Оюун өчигдөр /2020.01.21/ мэдээлэл хийхдээ “Манай компани 2015 оны есдүгээр сарын 4-ний өдөр ЦЕГ-ын алба хаагчид, хууль сахиулагчдын нэг хотхоныг барьж байгуулах ажлын гэрээг зурсан. Тус барилгад нийгмийн эмзэг бүлэг буюу төрийн албанд ажилладаг өрх толгойлсон эмэгтэй, ажил албаа гүйцэтгэж яваад амь насаа алдсан хүмүүсийн ар гэрт туслах зорилгоор квот тарааж өгсөн юм. Тус байр нь А, Б, В, Г дөрвөн блок 376 айлын хотхон. 2015-2017 онд миний ээж анх энэ ажлыг гүйцэтгэж яваад 2017 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр авто ослын улмаас амиа алдсан учраас ээжийнхээ ажлыг би үргэлжлүүлж байгаа нь энэ. ЦЕГ ээжийг минь өнгөрөөд долоо ч хоноогүй байхад “Ажлаа хурдан хий. Хэн энэ ажлыг үргэлжлүүлж хийх юм бэ” гэж дарамталж эхэлсэн учраас "Бавгар" ХХК-ийн захирлын албан тушаалыг 2018 оноос гүйцэтгэж эхэлсэн юм. Өнгөрсөн 2015-2017 онд ЦЕГ-ын ажлын хэсэг нэртэй хурандаа нар барилгын мөнгөнөөс 927 сая төгрөгийг арматур буулгасан нэрээр хувьдаа завшсан нь санхүүгийн баримт нотолгоотойгоо байгаа” талаар мэдээлсэн.