Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэх тухай хуулийн дагуу ахмадуудын тэтгэврийн нэмэгдлийг олгож эхэлсэн талаар НДЕГ-аас мэдээлэв.
Тодруулбал, УИХ-ын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 13-ны хуралдаанаар дээрх хуулийг баталсан. Уг хуулийн дагуу 1991 оны нэгдүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар 31-нд доорх дөрвөн үндэслэлээр тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэх юм.
Үүнд:
1. Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх;
2. Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 20-оос доошгүй жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх;
3. Нийтдээ 27-гоос дээш жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй;
4. Нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй.
Ташрамд дурдахад, дээрх хуулийн дагуу тэтгэврээ нэмүүлсэн иргэд ирэх сарын нэгнээс эхлэн нийт иргэдийн тэтгэврийг 25-40 мянган төгрөгөөр нэмэх Засгийн газрын тогтоолд мөн хамрагдах юм.